Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Жо Байден: “Ногоон” металын эрэлтийг өсгөнө

Б.Төгсбилэгт

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль (2020.11.03) болж, үр дүнд нь “ногоон” металын ирээдүйг баталгаажууллаа.  Доналд Трамп, аль эсвэл Жо Байден ялах уу гэдэг нь яг тухайн өдөртөө тодорхой болоогүй учир хүмүүс урьдчилсан үр дүнг удтал хүлээсний эцэст дөрөв хоногийн дараа сонссон. Одоогийн байдлаар Байден ялах нь эргэлзээгүй болоод байгаа ч Трамп сонгуулийн дүнг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Трамп сонгуулийн дүнтэй эвлэрэхгүй байгаа ч арванхоёрдугаар сарын 14-нд сонгуулийн дүнг эцэслэж гаргана. Энэ үеэр мэдээж Ардчилсан намаас нэр дэвшсэн Байдены ялалт албажиж, харин Конгрессын дээд танхим буюу Сенатад түүний өрсөлдөгч нам болох Бүгд Найрамдахчууд олонх болох магадлалтай байна. 

Жо Байден аль хэдийнэ өөрийн багт ажиллах хүмүүсээ томилж эхэлсэн бөгөөд Байдены захиргаа уул уурхайн салбарт үр нөлөөгөө хэрхэн өгөх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Нэг сонирхолтой зүйл гэвэл Жо Байден Ерөнхийлөгчөөр сонгогдох болсноор зэсийн ханш хурдацтай өсч эхэллээ. Ийм тохиолдол өмнө нь 2016 онд Доналд Трамп сонгуульд ялалт байгуулах үед тохиож байсан билээ. Тухайн үед Трамп дэд бүтцийн салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийх амлалттайгаар гарч ирж байсан нь зэсийн үнийг сар хүрэхгүй хугацааны дотор 14%-иар өсөх боломж олгосон. 
 
Энэ удаад Байден ялалт байгуулсан сургаар  зэсийн ханш, тэр дундаа хүлэмжийн хийг бууруулахад томоохон үүрэг оролцоотой ногоон металуудын ханш өсөх чиг хандлагатай боллоо. Байдены сонгуулийн кампанит ажилд Парисын хэлэлцээрт дахин нэгдэх чиглэл багтсан. АНУ нь Трампын шийдвэрээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс гараад байгаа бол тун удахгүй буцаж нэгдэх нь цаг хугацааны асуудал боллоо. Байден дан ганц хэлэлцээрт нэгдэх тухай асуудлыг хөндөж тавиагүй. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд ирэх дөрвөн жилд 2 их наяд ам.долларын хөрөнгө оруулж ажиллахаа амлаад байгаа юм. Ингэхдээ чулуужмал түлш, тэр дундаа нүүрснээс аль болох татгалзаж, эсрэгээр цахилгаан машин, тэдгээрт холбогдох дэд бүтэц, ногоон эрчим хүч, зам тээвэр, барилга байгууламжийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Байдены төлөвлөгөөгөөр дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтаар эхнээсээ хоёрдугаарт бичигддэг АНУ нь 2050 он гэхэд нүүрсхүчлийн  хийн ялгаралгүй орон болох замдаа шуудрах юм. Хүлэмжийн хийн ялгаралгүй болох тухай зорилтыг Европын холбооноос гадна Хятад, Япон, Солонгос зэрэг орон хэдийнэ дэвшүүлээд байгаа юм. 

АНУ нь Парисын хэлэлцээрт эргэн нэгдэх үйл явдал нь бусад оронд хүлэмжийн хийг бууруулах зорилтоо хэрэгжүүлэхэд хурдасгуур болох чухал ач холбогдолтой. Хүлэмжийн хий ялгаруулалтаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг Хятад улс 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралгүй орон болох зорилтоо саяхан зарласан.  Энэ шийдвэрийн хэрэгжилт хэр хурдан, эрчимтэй явагдах эсэх нь АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдэхээс шууд хамаарна гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Тэгвэл одоо АНУ хэлэлцээрт нэгдэх нь нэгэнт тодорхой болсон үед Хятад төдийгүй бусад улс хүлэмжийн хийг бууруулах чиглэлд сэтгэл шулуудах нь дамжиггүй.

Байдены хувьд Парисын хэлэлцээрт маш их ач холбогдолтой ханддагаараа Трампаас ялгардаг. Тэрбээр Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж, уур амьсгалын зорилтын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтыг хийхээ илэрхийлдэг. Улмаар уур амьсгалын зорилтыг биелүүлэх явцад маш их хөгжил дэвшил, инноваци явагдаж, энэ дунд АНУ-ын технологийн компаниуд хоцрох бус харин ч голлох үүрэгтэй оролцох учиртай гэж тайлбарладаг.
Томоохон эдийн засгууд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болох үйл явц энэ зууны дунд бодит биеллээ олох хугацааны тов гарсантай холбоотой  “ногоон” дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийн хөрөнгө оруулалт нэмэгдэх нь гарцаагүй болж байна. Тэгэхээр энэ бүгд нь зэсийн ханшийн төлөвт “давхар баталгаа” өгч буй хэрэг юм. 

Байден цахилгаан машины нэвтрүүлэлтийг онцгойлж авч үздэг. Иймд цаашид цахилгаан машины үйлдвэрлэлд чухал үүрэгтэй оролцдог лити, зэс, никель, кобальт зэрэг металын ханш өсөх төлөв тодорлоо. Байдены захиргаа цахилгаан машинтай холбогдох салбарт олгох санхүүгийн урамшууллыг нэмэгдүүлж, эсрэгээр хүлэмжийн хийн ялгаруулалтад торгууль ногдуулах хуулийн төслийг боловсруулж буй гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн. 

Шинэ Ерөнхийлөгчийн хувьд тус улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг 21-28% болгож нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа нь уул уурхайн компаниудын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөхгүй гэж “S&P Global Market Intelligence” тайлбарлажээ. Учир нь уул уурхайн салбарт компанийн ашгийн үзүүлэлт орлогын татвар гэхээсээ илүүтэй түүхий эдийн ханш, олборлолтын өртөг зэргээс илүү их хамааралтай байдаг. Гэхдээ энэ нь тус улсын уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт татахад хүндрэл үүсгэж болзошгүйг АНУ-ын Үндэсний уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захирал Рич Нолан мэдэгджээ. Тэрбээр мөн Байдены захиргааны үед АНУ-ын уул уурхайн салбарыг, тэр дундаа дотоодын ногоон металын олборлолтыг түлхүү хөгжүүлэх бодлого баримтална гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.  

Нүүрс болон бусад  чулуужмал түлшинд эсрэг бодлого баримтлахаа Байден нуулгүй зарлаж ирсэн. Тэрбээр ганц нүүрс бус Америкийн нутаг дэвсгэрт занарын тос, хий (фракинг) олборлолтыг бууруулах, шинэ талбайд эрх олгохгүй байх төлөвтэй байгаа юм. Гэхдээ энэ нь бодит байдал дээр биелэхэд асар хүндрэлтэй тулгарна. Учир нь АНУ-ын газрын тос, хий олборлолтод занарын тос, хий дийлэнх байр суурийг эзэлдэг. Иймд түүний захиргааны үед занарын тос олборлолтыг нэмэгдүүлэхгүй, харин одоогийн түвшинд нь хадгалах магадлал өндөр байна.

Цар тахлын үед, хуучин Ерөнхийлөгчийг ялж сонгогдон гарч ирсэн төрийн тэргүүн гэдгээрээ Жо Байден онцгойрч байна. Цар тахлын дараах эх орны эдийн засгийн сэргэлтийг амлаж гарч ирсэн нь америкчуудын хувьд Байденд маш том итгэл хүлээлгэсний илрэл юм. 

Жо Байден АНУ-ын Ерөнхий­лөгчөөр сонгогдсоноор Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, тэр дундаа уур амьсгалын өөрчлөл­тийн эсрэг ажиллагаа улс орнуудын дунд улам идэвхжих нь гарцаагүй   байна. Энэ дунд зэс болон бусад “ногоон” метал олборлож, борлуулдаг компаниудын ирээдүй өнгөтэй харагдана.