Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани далд уурхайн нэмэлт санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх тухай төлөвлөгөөгөө (2020.12.22)танилцууллаа. Тус компанийн уг төлөвлөгөөнд, төсөлд шаардагдах нэмэлт санхүүжилтийг алтны урьдчилгаа төлбөр бүхий худалдаа болон зах зээлээс дунд хугацааны бонд босгох байдлаар шийдвэрлэх саналаа дурджээ. Ингэснээр төслийн үнэ цэнийг өсгөөд зогсохгүй төслийн санхүүжилтэд зориулж нэмэлт хувьцааны арилжаа хийх шаардлагагүй болох юм. Туркойз Хилл-ийн суурь буюу дундаж тооцооллоор төсөлд 3 тэрбум хүртэлх ам.доллар нэмэлтээр шаардагдахаар байна. Гэхдээ алтны арилжааг урьдчилж хийх, бонд босгох тохиолдолд нэмэлт санхүүжилтийн хэмжээ буурах боломжтой. Одоо энэ саналуудыг Засгийн газар/”Эрдэнэс Оюутолгой”, “Рио Тинто”-оор батлуулах үлдэж байна.
Дээрх аргуудтай харьцуулахад нэмэлт хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох нь ашиггүй гэж компанийн хувьд үзжээ. Компанийн хувьцааны үнэ төдийлөн өндөр биш байгаа үед нэмэлт хувьцаа гаргах нь хэд хэдэн сөрөг талтай. Үүнд компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөх, мөн хувьцааны ханш нэмж буурах зэрэг эрсдэл үүсч мэдэх юм. Гэхдээ сүүлийн үед компанийн хувьцааны ханш зэсийн ханшийн өсөлттэй зэрэгцэн дээшлэх хандлагатай байна.
Эх сурвалж: investing.com
Тус компани “Рио Тинто”-той Оюутолгой төслийн санхүүжилтийн талаар санамж бичиг (2020.09.09) үзэглэсэн. Энэ үеэр хийсэн мэдэгдэлдээ далд уурхайн санхүүжилтэд нийтдээ 3.6 тэрбум хүртэлх ам.долларыг босгох шаардлага тулгарч магадгүйг тэмдэглэсэн. Хэрэв одоо байгаа өрийн бүтцийг шинэчилж, “Рио Тинто”-той хамтран 500 сая ам.долларын зээл босгож чадвал, нэмэлт санхүүжилтийн хэмжээ 1.7 тэрбум ам.доллар болж буурах боломжтойг мэдээлсэн юм. Гэхдээ Туркойз Хилл-ийн байр суурь аль ч тохиолдолд нэмэлт хувьцаа гаргахын эсрэг байгаагаа гуравдугаар улирлын тайландаа (2020.11.13) тодотгож, улмаар алтны арилжааг урьдчилж хийх, бонд босгох зэргийг илүүд үзэж буйгаа илэрхийлэх болсон.
Мөн “Туркойз Хилл Ресурс” нь “Рио Тинто” компанитай төслийн санхүүжилтийн талаар стратегийн хувьд санал нийлэхгүй байгаагаас үүдэн зарим асуудлыг тодруулахаар арбитрийн маргаан эхлүүлэхээр болсноо (2020.11.04) зарласан.
Алтны урьдчилгаа төлбөр бүхий худалдаа нь шууд худалдааны үнээр хийгдэх төдийгүй ил уурхайгаас олборлох алтанд хамаарахыг Туркойз Хилл тайлбарласан байна. Мөн бондын хувьд 10 жилээс багагүй хугацаатайгаар гаргах төлөвтэй бөгөөд үндсэн төлбөрийг хэсэгчлэн бус, бондын хугацаа дуусах үед бүтнээр нь төлөх нөхцөлтэй байхыг илүүд үзэх ажээ. Бондын хүүгийн хувьд одоогийн авсан зээлийн нөхцөлтэй өрсөлдөхүйц байна гэж үзсэн. Гэвч бүх зүйл ирэх онд түүхий эдийн болон бондын зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна.
2015 оны сүүлээр “Рио Тинто” компани далд уурхайн санхүүжилтэд зориулж нэр бүхий олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нийт 4.4 тэрбум ам.долларыг зээлэхээр гэрээ байгуулсан юм. Уг синдикат зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн хэмжээг 6 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх боломжит нөхцөлтэйгөөр хийсэн.
Туркойз Хилл-ийн мэдээлж буйгаар тус компанийн бэлэн мөнгөний нөөц есдүгээр сарын 30-ны байдлаар 1.3 тэрбум ам.доллар байсан нь 2022 оны хоёрдугаар улирал хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хангалттай хүрэлцэнэ гэж тэмдэглэсэн.
Сүүлд шинэчилсэн тооцооллоор далд уурхайн тогтвортой горим бүхий хүдэр олборлолт 2022 оны аравдугаар сард эхлэх бөгөөд гүний уурхайн төслийн нийт зардал 6.75 тэрбум ам.доллараар хэмжигдэхээр байна.
Түүнчлэн “Туркойз Хилл Ресурс” компани нь “Оюутолгой” компани Татварын ерөнхий газраас 228 сая ам.долларын татварын акт хүлээж авсан тухай (2020.12.23) мэдээллээ. Компанийн 2016-2018 оны үйл ажиллагааны татвар төлөлтөд аудит хийсний үндсэн дээр ийнхүү татварын акт тавьсан байна. Компанийн зүгээс хуулийн хугацаанд хариу илгээхээ мэдэгджээ. Өмнө нь 2018 оны нэгдүгээр сард “Оюутолгой” компани Татварын ерөнхий газраас 155 сая ам.долларын татварын акт хүлээж авч байсан юм. Тус акт нь 2013-2015 оны үйл ажиллагааг хамруулсан. “Оюутолгой” компани нь татварын асуудлаа шийдвэрлүүлэхээр олон улсын арбитрын шүүхэд хандаад байгаа юм.
Б.Төгс