Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ой, уурхайчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Ардын хувьсгал ялсны дараа Богд хаант Ардын засгийн газраас Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн газрын хэвлийд байгаа баялгаа нийт ард түмний өмч гэж зарлан тунхаглаж 1922 оны 12 дугаар сарын 25-нд Ардын засгийн газрын төлөөний түшмэл Налайхад ирээд тус уурхайг улсын үйлдвэр болгосон тухай мэдэгджээ. Ингээд энэ өдрийг Монголын уурхайчдын өдөр болгон уламжлан тэмдэглэж байх тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 25-ны өдрийн 187 дугаар зарлигаар Налайхын уурхайн малтагч бэхлэгч Д.Даваажавт Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цол олгосон ажээ.
Түүхт 98 жилийн хугацаанд “Эрдэнэт”, “Багануур”, “Хөтөл”, Бор Өндөр”, “Шарын гол”, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон бүтээн байгуулалтууд өрнөж, эдүгээ уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70%, экспортын орлогын 94%-ийг тус тус бүрдүүлж байна. Уул уурхайн салбар нэг талаараа Монгол Улсын эдийн засгийн суурь болж байгаа ч нөгөө талдаа ажлын байрыг олноор бүрдүүлж байна. Тус салбарт бий болсон нэг ажлын байр 2-4 шууд бус ажлын байр, 2-7 дам ажлын байр бий болгодог гэсэн судалгаа бий. Эндээс Монгол Улс уул уурхайн салбар дээр суурилсан эко системтэй нь харагддаг. Уул уурхайн, тэр дундаа нүүрсний салбарт томоохон төслүүд хөдөлж эхэлснээр ажлын байр нэлээд нэмэгдсэн байдаг. Тухайлбал, 2014 онд уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 20.4 мянга гаруй байсан бол 2017 онд 41000, 2019 оны байдлаар Монгол Улсын нийт ажиллагсдын 5.1 % буюу 57000 гаруй ажилтан уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байна.
Хэдийгээр дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахлын халдвар дотоодод алдагдаж, улс оронд хөл хорио тогтоогоод байгаа ч ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгжүүд “Зогсох эрхгүй” ажиллаж байна. Экспортлогч компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар ч мэдэгдэж буй. Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль, болон санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аар батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа амаргүй нөхцөлд Монголын уурхайчид цаг наргүй ажилласны хүчинд эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг тодорхой хэмжээнд бууруулж байна хэмээн УУХҮ-ийн сайд Г.Ёндон онцоллоо.
Г.Идэр