Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн банк : Монгол Улсын эдийн засаг 4.3% өсөх төсөөлөлтэй байна

Дэлхийн эдийн засаг 2020 онд 4.3%-иар агшиж, цаашид эргэн сэргэх төлөвтэй байгаа ч цар тахлын нөлөөгөөр өвчлөл, нас баралт үлэмж хэмжээгээр нэмэгдсэнээс гадна сая сая хүн ядууралд өртөж, эдийн засгийн идэвхжил, орлогын сэргэлт багагүй хугацаа шаардахаар байна. Дэлхийн банк “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаа шинэчлэн танилцуулжээ. Ингэхдээ дэлхийн эдийн засаг 2021 онд 4%-иар өсөх боломжтой бөгөөд вакцинжуулалт болон хөрөнгө оруулалт эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэгтэйг онцолж байна. 

Хөгжиж буй орнууд (БНХАУ-ыг оруулснаар)-ын эдийн засаг 2020 онд 2.6%-иар агшсан бол 2021 онд 5%-иар өснө хэмээн үзжээ. Дэлхийн эдийн засаг 2020 онд анх төсөөлснөөс бага агшсан нь хөгжингүй орнуудын эдийн засгийн агшилт харьцангуй бага байж, Хятадын эдийн засаг төсөөлснөөс илүү хурдтай сэргэснээс голлон шалтгаалжээ. Харин үрсэнгүй хөгжиж буй болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн идэвхжил анх төсөөлснөөс илүүгээр саарсан байна.

Өнгөрөгч онд 2%-ийн өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засаг энэ онд 7.9%-ийн өсөх төсөөллийг Дэлхийн банкнаас гаргажээ. Харин БНХАУ-аас бусад хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг 2020 онд 5%-иар агшсан бол 2021 онд 3.4%-иар өсөх магадлалтай байна. Бага орлоготой эдийн засагтай орнуудын хувьд 2020 онд 0.9%-иар агшсан бол 2021 онд 3.3%-иар тэлнэ хэмээн үзжээ. 

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2021 онд 7.4% байх бөгөөд Монгол улсын хувьд 2021 онд 4.3%-ийн өсөлттэй байхаар таамаг дэвшүүлжээ. 
 
Иймд КОВИД-19 цар тахлын тархалтыг бүрэн хяналтад авах, вакциныг өргөн хүрээнд шуурхай нэвтрүүлэх нь богино хугацаанд бодлогын нэн тэргүүний чиглэлд тооцогдож байна. Мөн эдийн засгийн сэргэлтийг бодитойгоор дэмжихийн тулд засгийн газрын өрийг нэмэгдүүлэхийг урьтал болголгүй, харин хөрөнгө оруулалтын өгөөжийг дахин эргэлтэд оруулах тааламжтай хөшүүргийг бий болгох замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад анхаарах шаардлагатай хэмээн дүгнэжээ.

Л.Номинцэцэг