ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.
Оросын алтны нөөц нэмэгдэхэд 2019 оны зургадугаар сараас хойш нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр алтны ханш 26%-иар өссөн нь нөлөөлжээ. Мөн хугацаанд тус улсын Төв банк 4.3 тэрбум ам.доллартай тэнцэхүйц алт худалдан авсныг тайланд (2021.01.11) дурдсан байна. 2020 оны эхний хагас жилд Оросын Төв банк алтны худалдан авалтаа зогсоосон нь газрын тосны ханш огцом буурсан үед уул уурхайн компаниудын экспортыг сэргээж дотоод руу чиглэсэн валютын орлогыг нэмэгдүүлэхээр зорьсон байна.
Зөвхөн өнгөрсөн онд бус хоёр жилийн өмнөөс тус улсын Төв банк гадаад валютын нөөцийн бүтцэд өөрчлөлт хийж эхэлжээ. Тухайн банкны 2018 оны тайлангийн мэдээллээр, нийт нөөцийн америк долларын эзлэх хувь 24.2%-иас 22.5%, евро 30.6%-иас 29% болж буурсан бол юань 12.2%-иас 13.2%-д хүрч нэмэгдсэн байна.
Эргэн сануулахад, Украйны асуудалтай холбоотой 2014 онд АНУ тэргүүтэй барууны орнууд Орос улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсан байдаг. Ингэхдээ АНУ-ын нутаг дэвсгэр дэх Оросын томоохон компаниуд, бизнес эрхлэгчдийн хувьцаа, хөрөнгийг царцаасан. Ийм хориг арга хэмжээ шат дараатайгаар 2018 он хүртэл үргэлжилсэн юм. Тиймээс америк доллараас үл хамаарах янз бүрийн төлбөр, санхүүгийн системийг бий болгох, мөн нөөцөд байгаа алтыг нэмэгдүүлэх оролдлогыг ОХУ хийж байгаа аж. Нөгөөтэйгүүр, 2020 онд “Goldman Sachs” банкны судалгааны тэмдэглэлд дэлхийн валютын нөөц болох долларын үүрэг, байр суурь ганхаж байгааг анхааруулсан удаатай.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Үндэсний баялгийн сангийн зарим хөрөнгийг үнэт метал болгохыг зөвшөөрөх тухай хуулийг баталсан юм. Тус улсын Сангийн яамнаас, эхний ээлжинд алт болгох хувилбарыг боломжтой гэж үзэж байна. Өнөөгийн байдлаар, ОХУ-ын Үндэсний баялгийн сангийн нийт хөрөнгийг 44%-ийг ам.доллар, 44%-ийг евро, 10%-ийг фунт стерлинг бүрдүүлж байгаа аж. Тус сангийн нийт хөрөнгө 177.39 тэрбум ам.доллараар үнэлэгдэж (2020.12.01) байв.
Э.Од