Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Сорилтоор тодорсон боломж

Э.Оджаргал


Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай. Зөвхөн өнөөдрөөр бус ирээдүйд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөж манай улстөрчид ”сэргэг ухаанаар” шийдэх ажлууд шил шилээ даран хүлээж байна. Дэлхийд нүүр тахалж, улсын ачааны хүндийг үүрч, хямрал бүрт “амь торгоох” уул уурхайн салбар, компаниудаа төр засгаас дэмжиж, тэтгэж ирсэн бил үү гэсэн асуултыг бодлого тодорхойлогчдод үлдээе. 

Харин Эрдэс баялгийн салбараас ашиг хүртэхийн тулд түүний эрсдэлтэй үйл ажиллагааг ойлгох, асар их хөрөнгө оруулалтын зардлыг хүлээн зөвшөөрөх, дэлхийн чиг хандлагыг танин мэдэх хэрэгцээ Монголын нийгэмд нэн чухал байна. Тогтсон хуучин хэв маяг үеэ элээж, технологи хүч түрэн орж ирлээ. Шинэ санаа, оновчтой шийдлүүдийг хурдтай мэдэрч ашиглаж буй улс орон сорилтыг даван туулж байна. Хямрал, хүндрэлийг тоочиж нуршихаас илүүтэй Монгол Улсын боломж, давуу талыг энд тодотгоё. Дэлхийн өнөөгийн чиг хандлага, улс орнуудын хөл хорионы нөхцөл байдал нь одоо ч, ойрын ирээдүйд цөөхөн монголчуудад давуу тал, басхүү шинэ боломжуудыг нээж байгаад олзуурхууштай. Нэг талаараа хямрал бол боломж юм. 

Монголын давуу тал  бол уул уурхай

Эх орны нийгэм, эдийн засаг  цар тахлын энэ хүнд цагт эрдэс баялгийн салбарын үүрэг, үнэ цэн дээр тогтож байна. Монгол Улсыг урагшлуулж буй тэргүүлэх салбар болохыг КОВИД  ойлгуулах төдий бус бодитой мэдрүүллээ. Халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулахыг хичээн, уурхайчид цаг наргүй зүтгэж байгаа билээ. Өнөөх “муу” нэртэй уул уурхай нийт монголчууд бидний амьдралыг залгуулж, ачааг хөнгөлж, дэм болж байна. Монголын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүч, ус, дулааны төлбөрийн хөнгөлөлтийг  “Эрдэнэт” үйлдвэр, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн түлшний үнийг  хямдруулсан  зөрүүг “Эрдэнэс Тавантолгой” компани бүрэн хариуцав. Сайжруулсан түлшний гол түүхий эд болох нүүрсийг “Энержи Ресурс” компаниас үнэ төлбөргүй  хангаж ирлээ. 

Зөвхөн КОВИД  бус өмнө нь ч иргэдийн тэтгэврийн зээлийг улсаас тэглэсэн өрийг Салхитын ордын ашиглалтаар “Эрдэнэс Силвер Ресурс” компани барагдуулах үүрэг хүлээсэн бол иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн орлогоос тарааж байна. Цаашлаад үндэсний хэмжээний бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг мөн л “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлж байна. Нийгмийн хариуцлагаар уул уурхайн компаниудын орон нутаг дахь тусламж дэмжлэг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, ханган нийлүүлэлт гээд үл анзаардаг үр өгөөж их. Ерөөс манай улсын хөгжилд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд өнөөгийн шилэн байшин барилга, хээнцэр машин, тансаг хэрэглээ, дэвшилтэт техник технологи, шинэ тутмын үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл гээд дам нөлөө нь өргөн цар хүрээтэй. Өнөөдөр Монгол Улсын ДНБ-ий 20%, аж үйлдвэрлэлийн  70%, экспортын 94%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75%-ийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлдэг. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө гээд монгол айл өрх бүртэй холбогдох улсын төсөв, экспортын   орлогын эх үүсвэр эрдэс баялаг нь монголчууд бидний амьдралын гол баталгаа болж байна. 


Бүгд агшиж ганцхан Хятадын эдийн засаг тэлж байна

Монгол Улсын өнөөгийн нэг давуу тал бол хил залган орших Хятадын эдийн засгийн өсөлт юм. Аливаа хямралын үед Хятад улс шийдэмгий, шуурхай арга хэмжээ авдгийг хөрөнгө оруулагчид андахгүй. Энэ нь манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт татахад эерэгээр нөлөөлөх боломж.  Цар тахлын халдварын эсрэг өртөг зардлыг үл харгалзан нүсэр арга хэмжээ авч, далайцтай бодлого хэрэгжүүлж буй Хятад нь коронавирус хамгийн түрүүнд илэрч, эдийн засгийн хямралаас хамгийн түрүүнд гарч байгаа улс юм. 2020 онд  улс орнуудаас ганцхан БНХАУ-ын эдийн засаг тэлж байна. Хятадын эрх баригчид Бээжингээс эхлээд халдвар дэгдсэн метрополитан хотуудын хорио цээрийн дэглэмийг шат дараатай цуцалж эхэллээ. Уурхай, үйлдвэр, их сургууль, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжин,   аажмаар ердийн хэмнэлдээ орж байна. Дотоодын худалдаа болон хэрэглэгчдийн эрэлт сэргэж Хятадын статистик үзүүлэлтүүд өнгөрсөн оныхтой дөхөв. Энэ оны гуравдугаар улиралд тус улсын ДНБ-ий өсөлт 4.9% бол 2019 оны мөн үед 6% байсан юм. Арваннэгдүгээр сард тус улсын экспортын худалдаа 268 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд  үзүүлэлтийг харууллаа. Хятадын Засгийн газраас эдийн засгаа идэвхжүүлэхэд тодорхой арга хэмжээ  авсаны үр дүн юм. Халдвар дэгдсэнээс хойш дотоодын  бүх замын сүлжээ, тэр дундаа хурдны зам, гүүр ашиглах төлбөрийг цуцалжээ. Хятад нь дэлхийд хамгийн урт буюу 170 мянган км замын төлбөр хураамжаас жилд 79.1 тэрбум ам.долларын орлого төсөвтөө бүрдүүлдэг. Авто замын хураамжаас өдөрт 217 сая ам.долларын орлого алдаж байгаа ч хямралын өнөө цагт худалдаа, нийлүүлэлтийн тээврийг чухалчилж байна. Хэрэглэгчдийн эрэлтийг өдөөж есдүгээр сард Хятадын худалдааны яамнаас 100 мянга гаруй аж ахуйн нэгж, 2 сая дэлгүүр болон онлайн худалдаачдыг “Үндэсний хэрэглээг дэмжих сар” арга хэмжээнд татан оролцуулав. 

Интернэт дэлгүүрүүдээс худалдан авалт хийх эрхийн бичгийг иргэддээ төрөөс олгож байна. Ухань, Ханжоу, Нанин, Чэндү, Шэнжэн зэрэг 50 хотын иргэдэд тараасан эрхийн бичгээр 6 тэрбум юанийг (850 сая ам.доллар) эргэлтэд оруулжээ. Ийм зохицуулалтаар Бээжингийн засаг захиргаа нийт 12.2 тэрбум юаниар (1.7  тэрбум ам.доллар) хотын худалдаагаа дэмнэжээ. Нэг талдаа иргэдийн худалдан авалтыг идэвхжүүлж нийгмийг сэтгэл зүйн стрессээс хамгаалж байгаа бол нөгөө талдаа улсынхаа эдийн засаг, худалдааны гол “судас” худалдаа эрхлэгчдээ дэмжиж байна. Энэ оны эхний найман сард Хятадын интернэт худалдаа 7 их наяд юань (1 их наяд ам.доллар) хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10%-иар өсөв. Халдварын оргил үе нэгдүгээр улиралд Alibaba компанийн ашиг орлого 34%-иар өсч 153 тэрбум юань (22.5 тэрбум ам.доллар) хүрсэн бөгөөд хэрэглэгчдийн тоо 60 саяар нэмэгдэн 742 сая болжээ. Цар тахлын халдварыг бууруулах, эдийн засгаа идэвхжүүлэх гол дэд бүтэц нь технологийн шийдлүүд, дижиталчлал болохыг харж байна. КОВИД-ийн эсрэг тэмцэл ядуурлыг бууруулах зорилтод нөлөөлөх ёсгүйг БНХАУ-ын дарга Си Жинпин мэдэгдсэн юм. Энэ онд 5.5 сая иргэнээ нэн ядуугийн түвшнээс гаргах зорилттой. Үүний тулд ажлын байрыг олноор хангадаг дэд бүтэц, барилга, аж үйлдвэрлэлийн салбарууддаа төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж мөн л эдийн засгаа тэтгэж байна. Өдгөө тус улсын аж үйлдвэрлэлийн 90% нь бүрэн сэргэжээ. Хямрал,  сорилтоос үл хамааран эдийн засгийн өсөлтөө хадгалж байна. Азийн хөгжлийн банкны төсөөллөөр, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх жилээс доогуур байгаа ч 2021 онд 7.7% хүрч цар тахлын өмнөх үеэс давах хүлээлттэй. Харин Дэлхийн банкнаас  ирэх жил Хятадын эдийн засгийн өсөлтийг 7.9%-иар тооцжээ. ОУВС-гаас дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг 8.2% гэж үзэж байна.

Супер цикл айсуй

Олон улсын банк, санхүүгийн шинжээчдийн хүлээлтээс илүү хурдтай Хятадын эдийн засаг сэргэж байгаа нь түүхий эдийн зах зээлд эерэгээр нөлөөлж буй юм. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн ханш, зах зээлийн чиг хандлага өөдрөг байна. Лондоны металын биржийн (2020.12.18)  арилжаагаар зэсийн үнэ 8000 ам.доллар хүрч сүүлийн долоон жилийн өндөр үзүүлэлтээр тэмдэглэгдэв.

 Энэ оны гуравдугаар сараас хойш хүрэн металын ханш 84%-иар өсчээ. Цахилгаан машин, батарей зэрэг “ногоон” үйлдвэрлэл зэсийн эрэлт, ханшийг өсгөж ирсэн бол нэмээд одоо коронавирусээс улбаатай хямрал, дижитал шилжилтийн явцаар компьютер, гар утасны  хэрэглээ зэсийн зах зээлд түлхэц боллоо.  Ирэх жил зэсийн ханш 9500 ам.долларт хүрнэ гэж  Goldman Sachs банкнаас таамаглажээ. Эрүүл мэндийн чиглэлээр ч нян устгах ер бусын шинж чанараараа зэс тодрон ирээдүйд ханш өсөх үзүүлэлт болж мэдэхээр. Зэс гадаргуу нь нянгийн эсрэг шинж чанартай тул яваандаа бүхий л эмнэлгийн тоноглол хэрэглэлийг зэс болгох боломжтой   бөгөөд АНУ-ын цэргийн эмнэлгүүдэд ийм шаардлага тавигдаж эхэлжээ. Цаашлаад   нисэх онгоцны буудал, фитнесс клуб зэрэг газарт ийм төрлийн хэрэглээний эрэлт нэмэгдэх магадлалтайг PDAC-2020 чуулганы үеэр Роберт Фрийдланд өгүүлсэн нь хэт өөдрөг төсөөлөл ч гэлээ чихэнд аятай сонсогдоно. Ямартай ч зэсийн ордуудын хүдрийн агуулга буурч, ордын нээлт ч цөөрч байгаа тул нийлүүлэлтийн дутагдалтай дэлхий дахин тулгарна гэж тэрээр хэлсэн нь сонирхол татахуйц юм. 2023 оноос зэсийн хомсдол үүсч ханш хадна гэсэн таамгийг CRU группын суурь металын Ерөнхий шинжээч Крэг Ланг дэвшүүлсэн удаатай. Энэ нь Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхлэх үе. Дэлхийн зэсийн зах зээлд давамгай байр суурь эзлэх боломж юм. Цагаансуваргын орд ч ашиглалтад орох юм бол Монголд таатай мөчлөг айсуй. Зэрэгцээд зэс хайлуулах үйлдвэрээ байгуулж чадваас манай улсын эдийн засагт авчрах ач тус, өгөөж дэндүү их.

Тэгвэл Монголын коксжих нүүрсний гол зах зээл дээр сонирхолтой дүр зураг өрнөж байна. Аравдугаар сараас Хятадын коксжих нүүрсний импортын бүтцэд томоохон өөрчлөлт гарч тус зах зээлийн хамгийн том нийлүүлэгч Австралийн худалдаа эрс буурав. Коронавирусын гарал үүсэл болон халдварыг мөрдөж, Хятад улстай хариуцлага тооцох асуудлыг Австралийн Ерөнхий сайд олон улсын түвшинд тавьснаар хоёр улсын хооронд үл ойлголцол ширүүсээд байна.   2019 онд Хятадын    “Хуавэй” компанийн 5G сүлжээг Австралид нэвтрүүлэхийг Моррисоны засаг хориглосноос үүдсэн талуудын маргаан он дамнан даамжирч улмаар Австралийн коксжих нүүрсэнд Хятад импортын хориг тавихад хүргэж байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос дотоодын эрчим хүчний гол 10 компанид Монгол, Индонез, Орос улсаас ямар нэг хатуу хязгаарлалтгүйгээр нүүрс импортлох эрх өгсөн албан мэдээг “Global Times” сонин цацав. Өнгөрсөн  онд Хятад 30.9 сая тонн коксжих нүүрс Австралиас импортолжээ. Бараг 50%-ийг хангадаг томоохон нийлүүлэлт буурахын хэрээр тодорхой орон зай Монголын нүүрсний экспортын гол зах зээл дээр үүсч байна. 

Шууд утгаараа манай улсын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэхэд нөлөөлөхгүй ч таатай “цонх” үед Хятадын байгаль орчны стандартад нийцсэн угааж, баяжуулсан бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэн экспортлоход монголчууд бэлэн байх аваас зах зээлийн боломж бий юм. Үүнийг нотолсон явдал бол Австралийн нүүрсэнд хориг тавьсантай зэрэгцээд Монголд цар тахлын халдвар дэгдэн боомтын нэвтрэлт удааширснаас Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний эрэлт, үнэ өсч байна. 
Энэ нь тус зах зээлд Монголын сайн чанарын нүүрсний эрэлт хэвээр төдийгүй томоохон нийлүүлэгч улс гэдгийг илтгэнэ.  Ирэх жилүүдэд Монгол Улс коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадах эсэх нь Хятадын зах зээлээс илүүтэй манай дотоодын бодлого, зохицуулалт, дэд бүтцийн ажлуудаа хэр урагшлуулахаас л шууд хамаарна.

Хэдийгээр манай улсын зэс, нүүрсний экспортын орлого 2020 онд буурсан ч тэрхүү алдагдлыг нөхөх боломжийг алтны ханшийн өсөлт олгов. Он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр алтны ханш 25 орчим хувиар өссөн юм. Улмаар Монголд анх удаа алтны салбар 1 тэрбум ам.долларын орлого бүрдүүллээ. Эхний 11 сард манай улс нийт 28 орчим тонн алт экспортолж 1.62 тэрбум ам.долларын орлого оржээ. Тухайн салбарын орлого 400-800 сая ам.долларт хэлбэлзэж ирсэн бөгөөд 2005 онд манай улс 23.8 тонн алт экспортолсон нь дээд амжилтад тооцогдож байлаа. Энэ онд Монголбанк 20 тонн алт худалдан авч 1 тэрбум ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтоо давуулан биелүүллээ. 2021 онд алтны ханш 2000 ам.долларын босгыг давна гэсэн таамгийг Citigroup, Goldman Sachs шинжээчид дэвшүүлжээ. Цаашид ханшаас үл хамааран Монголын алтны салбар өнөөгийн амжилтаа хадгалж 2 тэрбум ам.долларын салбар болох боломж бүрэн бий гэж манай   зарим мэргэжилтнүүд үзэж байна. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц төслүүд бий. Тухайлбал, “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн хэрэгжүүлж байгаа “Баян Хөндий”, “Алтан нар” орд бөгөөд жилийн дараа  алтны олборлолт  эхлэхээр бэлтгэж байна. Мөн “Степ голд” компанийн “Алтан Цагаан-Овоо”, түүнчлэн “Наран мандал“ компани алтны үндсэн ордоос олборлолт явуулж буй. 

Харин экспортын орлогоор алтны салбарын дараа  тодроод байгаа түүхий эд  бол төмрийн хүдэр юм. Манай улсын бусад түүхий эдийн худалдаатай харьцуулбал төмөр замын тээврээр  төмрийн хүдрийг экспортолдог нь цар тахлын үед орлого тасалдахгүй байх давуу тал болж байна. Зах зээл дээр төмрийн хүдрийн ханш есөн жилийн дээд түвшинд хүрсэн юм. Тодруулбал, Даляны түүхий эдийн бирж дээр (2020.12.21) төмрийн 62%-ийн агуулгатай хүдрийн үнэ тонн тутамд 176.9 ам.доллар болж өсөв. Энэ нь 2011 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр ханшаар тооцогдоно. Энэ онд төмрийн хүдрийн үнэ бараг хоёр дахин нэмэгдлээ. Гэхдээ дэлхийн төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгчдийн олборлолт буурах төлөв зах зээлийн эрэлт, тэр дундаа Хятадын импортыг хангах уу гэдэг эргэлзээг бий болгож байна.  Хятадын гангийн үйлдвэрлэлийн идэвхжлээс гадна Өмнөд Солонгос, Япон болон Энэтхэгийн үйлдвэрлэл сэргэж буй нь 2021 онд төмрийн хүдрийн өндөр эрэлтийг хадгална хэмээн Австралийн Fortescue Metals компани харж байна. Тиймээс бусад шинжээчид ч  таамгуудаа шинэчиллээ. JP Morgan нь 2021 онд 126 ам.доллар хүрнэ гэсэн таамгийг дэвшүүлсэн бол “Jefferies Financial Group”-ийн хувьд ирэх оны нэгдүгээр улиралд ханшийг 180-200 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй гэж тооцлоо.

Түүхий эдийн зах зээлийн энэхүү өрнөлийг томоохон банкны зарим шинжээч Хятадын худалдан авалт ашигт малтмалын ханшийг огцом өсгөж супер циклийн эхлэлийг тавьсан 2000 оны үетэй адилтгаж байна. Эдүгээ супер циклийн гол шинж тэмдэг бүгд бүрдсэн гэдгийг “Goldman Sachs” банкны Түүхий эдийн судалгааны хэлтсийн захирал, стратегич Жефф Карри ярилцлагадаа тэмдэглэжээ. Супер циклийн ид үе  буюу 2009-2012 онд Монгол Улс нь “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, үндэсний уул уурхайн компани анх удаа олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гарган араас нь олон компани  ашигт малтмалын төслүүдэд дэлхийн зах зээлээс хөрөнгө татан Монгол руу долларын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч Монголыг дараагийн Кувейт хэмээн олон улсад тодорхойлж байлаа.

Хөрөнгө оруулалтын боломж

Дэлхийн аж үйлдвэрлэлийн цөм, түүхий эдийн гол хэрэглэгч оронтой хил залган орших байршлыг харгалзан  хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхдог нь үнэн. Ийм таатай мөчлөгт манай улс газар зүйн байршлын давуу талаа ашиглах учиртай. Монголын эдийн засгийн тэргүүлэх төдийгүй олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болгож байгаа ганц салбар нь уул уурхай гэдгийг өнөөгийн хямрал бидэнд тод харууллаа. Тиймээс ойрын ирээдүйд хөрөнгө оруулалт татах салбар энэ. Хэдий хүнд, хямралтай жил байсан ч Xanadu Mines компанийн Монгол дахь “Улаан уул” төслийн талбайн хайгуулын ажилд 7.2 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг Японы газрын тос, хий, металлын үндэсний JOGMEC корпорацитай байгууллаа. Мөн “Хармагтай” төслийн хайгуулд зориулж 1.12 сая австрали долларын санхүүжилт татав. Канадын алтны томоохон хөрөнгө оруулагч Эррик Спротт  “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанид  15 сая ам.долларын хөрөнгө орууллаа. Ийм шийдлүүд богино хугацаанд хөрөнгө оруулалтын томоохон дэм юм.

Goldman Sachs, Morgan Stanley-ийн шинжээчдийн сүүлийн үеийн судалгаанд, үнэ цэнийг нь дутуу үнэлж буй уламжлалт салбарууд хөрөнгө оруулагчдын сонирхол татсан хэвээр гэдгийг тэмдэглэжээ. Тэдгээрийн нэг уул уурхайн салбар юм. АНУ-ын Засгийн газраас 900 тэрбум ам.долларыг эдийн засгаа дэмжихэд зарцуулах  бөгөөд уул уурхайн Steel Dynamics, Nucor and United Steel, Freeport McMoran, Alcoa, Century Aluminium компаниудын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж хөрөнгө оруулалтын банкууд үзэж байна. Өдгөө ихэнх улс орон мөнгө хэвлэх байдлаар дотоодын эдийн засгаа дэмжиж байгаа юм. Тэр санхүүжилт эргээд хөрөнгө оруулалтын хэрэгсэл, хадгаламжийн бүтээгдэхүүн рүү орно. Хөгжингүй орнуудын өгөөж бага түвшинд хүрсэн байдаг тул хөгжиж буй Монгол Улс шиг өгөөж өндөртэй орнуудын бонд руу хөрөнгө оруулах боломжтой. Эрдэс баялгийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг нээж өгсөн цагт  банкны зээл ч, бондын мѳнгѳ ч бай санхүүгийн эх үүсвэрийг экспортын орлого олох хѳрѳнгѳ оруулалт болгож чадвал манай улс руу чиглэх  валютын урсгал  нэмэгдэнэ. 

 

Монголчуудын чадварыг нээсэн цахим шилжилт

Коронавирусээс дайжсан хүн төрөлхтний өдөр тутмын ажил амьдрал өдгөө хийсвэр “ертөнцөд” өрнөж байна. Онлайнаар сурч бас ажиллаж, виртуалаар аялан жуулчилж, техник хэрэгслийг зайнаас удирдан, биетээр бус цахим мөнгөөр төлбөр тооцоо хийж байна. Дижитал хэмнэл нь хэдий  эчнээ танигдсан ч эдүгээ улс төрөөс эхлээд нийгэм эдийн засаг, бизнес, хүний ердийн ахуй амьдралын салшгүй хэсэг болов. Худалдаа, харилцааны тогтсон хуучин хэв маяг нэгэнт ард хоцорч, технологийн дэвшилд тулгуурлан цар тахлын нөхцөлд хурдацтай дасан зохицохыг энэ цаг үе тулгаж байна. Энэхүү шилжилтийг “Covidtech” хэмээн дэлхий дахинаа тодорхойлжээ. Дэлхий нийт хоёр жил зарцуулах байсан дижитал шилжилтийн хувьсгал нь цар тахлын улмаас ердөө хоёрхон сард өрнөснийг “Microsoft” компанийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла өгүүлэх аж.

Дэлхий дахинаа өрнөж буй дэвшилтэт технологи болоод дижитал шилжилт монголчуудын боломж, давуу талыг нээж байна. Тухайлбал, хилийн хорио цээрийн дэглэмийн улмаас гадаадын олон мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллах боломжгүй болсон. Олон улсын цөөнгүй мэргэжилтнүүд ажилладаг “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын одоогийн явцад монгол мэргэжилтнүүдийн ур чадвар чухал үүрэг гүйцэтгэж байна. Зарим нарийн инженерчлэлийн ажлыг гадны мэргэжилтнүүд алсын зайнаас цахимаар удирдан Монголын мэргэжилтнүүд орлон гүйцэтгэжээ. Энэхүү өөрчлөлтөд гүний уурхайн бүтээн байгуулалтын явц буураагүйг “Оюутолгой” компанийн Далд уурхайн төслийн захирал Крис Айчисон ярьсан юм. Дараагийн нэг жишээ бол, I зэрэглэлийн гэсэн тодотголтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267км төмөр зам барих ажилд Их Британийн “Пандрол” брэндийн гагнуурыг анх удаа Монголд ашиглаж байна. Энэ төсөлд ажиллах байсан Их Британийн мэргэжилтнүүд хөл хорионд саатсан учир 21 хоногийн цахим сургалтаар Монголын 20 гагнуурчин дадлага, туршилт хийж “Пандрол” гагнуурын эрх авч энэхүү төмөр замд гүйцэтгэж байна. Их, багадаа бус Монголын шинэ цагийн боловсон хүчин дэлхийд үнэлэгдэхүйц туршлага, ур чадвар хуримтлуулж байгаа үнэ цэнтэй үр өгөөжийн бодит жишээ энэ. Дан ганц уул уурхайн салбарт бус Монголын технологийн компани дэлхийн цахиурын хөндийд хөл тавьсан таатай мэдээ ч дуулдлаа.

Хөл хорионы дэглэм нь алсын зайнаас гүйцэтгэх боломжтой ажлын байруудыг илүү тодотгон харуулж байна. Халдвараас сэргийлж Монголд   зайнаас ажиллах хэв маягт шилжиж буй агаад ажил үүргийг шинэчлэн өөрчилж, зарим ажлын байрыг технологиор орлуулах шаардлага тулгарч болзошгүй. Тэгвэл одоо ч, ирээдүйд ч дижиталчлал, шинэ технологи нэвтрэхийн хэрээр хүний оролцоотой ажлын байр хомстох уу? 
Цар тахлын дэгдэлт, хөл хорио, эдийн засгийн өнөөгийн хямралын үед ч дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил буураагүй байна. Учир нь зарим салбарт ажлын байр халж байхад   бизнесийн шинэ чиглэлүүдэд нэмэгдэх хандлагатай. Өөрөөр хэлбэл, ажлын байр цөөрөхөөс илүүтэй үр ашигтай ажиллагаа, ажилтны ажил үүрэг болоод ур чадварын шинэчлэл өрнөж байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.  Тэдний үзэж буйгаар, харин ч   улс орнуудын хил хязгаараас үл хамааран дэлхийн аль ч компанид ажиллах боломжийг дижиталчлал нээж байна. Монголын шинэ үеийн залуус эх орноосоо цахимаар дэлхийн улс орнуудад ажиллах цаг ирэхийг үгүйсгэмгүй. 

Ирээдүйд уул уурхайг технологи инноваци өнгөлнө

Өдгөө дэлхий дахинд өрнөх “Covidtech” шилжилт   Монголын уул уурхайн салбар шинэ түвшинд ахих цаг ирснийг харуулж байна. Цар тахлын халдвар, хорио цээрийн дэглэмтэй энэ үед уул уурхайн өдөр тутмын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд автоматжуулалт, дижиталчлал гээд орчин цагийн технологи нэгэнтээ нэвтрэн орж ирлээ.Технологид итгэл үзүүлж, хөрөнгө хаясан компаниуд цар тахлыг давах “дархлаатай” байна. Харин технологиос “дайжиж”, хоцорч яваа компаниуд санхүүгийн дарамтад орж буйгаа хүлээн зөвшөөрөх цаг   иржээ. Технологи нь ашиг орлогоос гадна хүний амь нас, аюулгүй байдал, байгаль орчинд хөнөөл багатай зэрэг олон асуудлын шийдлийг давхар тээж байна. 

Дэлхийн банкны шинжээчдийн тандалтаар, компаниуд шинэ технологийг нэвтрүүлэх явц улам идэвхжиж байна. Уул уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлд автоматжуулалт, робот техникийн эрэлт өсөх төлөвтэй. Энэ нь шинэ хандлага биш бөгөөд уурхайн тээвэрлэлтийн техник, өрөмдлөгийн төхөөрөмж, конвейерийн систем, программ хангамжид автоматжуулалт нэвтэрсээр байгаа билээ. Харин энэ үйл явцыг КОВИД улам түргэтгэснийг шинжээчид онцлох аж. “McKinsey”-ийн таамагласнаар 2025 он гэхэд дижитал технологийн ашиглалт дэлхийн уул уурхайн салбарын зардлыг 17%-иар бууруулна гэжээ. Уурхайн тээвэрлэлт, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үр ашгийг дунджаар 10-20%-иар өсгөх, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг олгоно гэж үзэж байна. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч Rio Tinto, BHP, Roy Hill, Fortescue  болон Hitachi  зэрэг томоохон компаниуд уурхайн үйл ажиллагаандаа автомат удирдлагатай техникүүдийг хэдийн нэвтрүүлсэн юм. Тухайлбал, Австралийн Квинсленд дэх нүүрсний “Meandu” уурхайд автоматжуулсан системийг Hitachi компани  ашиглаж байна. Пилбарад Rio Tinto компанийн Yandicoogina, Nammuldi уурхайнууд  алсын удирдлагатай самосвал гэлтгүй жолоочгүй галт тэргээр төмрийн хүдрийг тээвэрлэж байгаа. Тус компани 1200 км зайнаас Перт хот дахь оффисоос уурхайн техникүүдийг удирдаж буй юм. Автоматжуулсан техник нь жилд 500  ажлын цагийг хэмнэж, жилийн турш 24 цаг ажиллах давуу талтай. Ингээд дурдвал дэвшилтэт технологи нь дэлхийн уул уурхайн салбарт өндөр үр өгөөжөө үзүүлээд эхэлсэн.

Тэгвэл Монгол Улс ирэх дөрвөн жилд уул уурхайн салбарын олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих үе гэдгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Дисковер Монголиа 2020” чуулган дээр мэдэгдсэн юм. Ингэхдээ нүүрс, зэсийн баяжмал, алт, төмрийн хүдэр, газрын тос гэсэн экспортын гол бүтээгдэхүүнд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ. Тухайлбал, 2024 онд 50 сая тоннын 30%-д баяжуулсан нүүрс экспортолно, 2.5 орчим сая тонн зэсийн баяжмал боловсруулах ба 152 мянган тонн цэвэр катодын зэс (Оюутолгойг тооцоогүй) үйлдвэрлэлээс 1 тэрбум ам.долларын орлого бүрдүүлнэ, барилгын арматурын 80%-ийг дотоодын ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр хангана, газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 55%-ийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Технологи нутагшуулсан үйлдвэрүүдээр улсын аж үйлдвэрлэл тэлэх төсөөлөл энэ.    


 

Сэтгэгдэл (3)

  • DR. PRADHAN (129.205.124.224)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 07 | Хариулах
  • DR. PRADHAN (129.205.124.224)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 07 | Хариулах
  • DR MAXWELL (127.0.0.1)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2021 оны 01 сарын 18 | Хариулах