Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Газрын тос 2020” хурал болно

Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ. Хуралд  газрын тосны мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэж эхэлсэн түүхэн замнал, өнөөгийн байдал, цаашдын төлөв, Тосон уулын ордын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх боломж, технологийн аргуудын туршилт, үр дүн зэрэг олон сэдвээр илтгэл хэлэлцүүлэх аж.  Тус салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт бол Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Газрын тос боловсруулах үйлдвэр”. Энэхүү үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа нэгдүгээр сарын 15-нд болсон юм.

Салбарын бодлого чиглэл, хууль эрх зүйн орчны хувьд ч чиг зүгээ олж байгаа гэж хэлж болно. 2027 он хүртэл хэрэгжих Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар баталсан юм.  Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмуудыг шингээж, нээлттэй болгосон тус баримт бичгийг хэрэгжүүлэх талаар салбарын яам болон  Ашигт малтмал, газрын тосны газар нэлээд анхаарал тавьж ажиллаж байна. Нийтэд ил болж байгаа газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд, орон нутгийн Засаг дарга нартай  байгуулсан гэрээнүүдийг www.iltodgeree.mn сайтад байршуулсан гэдгийг холбогдох албаны хүмүүс илэрхийлж байна.

Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнд 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ.  “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлаар  тус салбарт  тулгамдсан асуудлууд, цаашид шийдвэрлэж болохуйц гарц шийдлийн талаар эрдэмтэн судлаачид нээлттэй ярилцах аж.

 

Г.Идэр