Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах иж бүрэн үйлдвэр байгуулж байгаа тул гаднын инженер, техникийн ажилтнууд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох шаардлага үүсэж байна. Урьдчилсан тооцооллоор 7000 орчим (давхардсан тоогоор) инженер, техникийн болон туслах ажилтан ажиллахаар байна. Иймд ажиллах хүч мэргэжилтэн гадаадаас авах, Монгол Улсад хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон зөвшөөрлийг шуурхай олгох асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн үйлдвэрийн усны ордын нөхөн төлбөр, машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулсан (түргэвчилсэн) горимоор зохицуулах асуудлыг төсөлд туссан аж.
Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр нь түүхий эдийн хангамжийн хувьд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй байх үүднээс өөрийн гэсэн түшиц газар буюу газрын тосны ордтой болох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.
Хуулийн төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК