“Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.
Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах хүрээнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнхэн эрчимтэй хамтран ажиллаж, ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгавруудыг Монгол Улс амжилттай биелүүлсэн. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр гаргасан Монгол Улсын ахиц дэвшлийг ФАТФ-аас өндрөөр үнэлж (2020.10.23) саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэсэн юм. Улмаар Монгол бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд буюу 1 жилийн дотор саарал жагсаалтаас гарч чадсан улс болжээ. Иймд Европын Комиссоос Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг Европын Холбооны 2015/849 дугаартай тогтоолын шаардлагуудын дагуу үнэлж, дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд “Европын Комиссоос холбогдох мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийж, Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоон дахь стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэв. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооныхоо үр дүнтэй байдлыг бэхжүүлж, ФАТФ-ын илрүүлсэн стратегийн дутагдлыг арилгах чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг даалгавруудыг бүрэн биелүүлж ажилласан. Эдгээр арга хэмжээ нь хангалттай өргөн цар хүрээтэй ажил болсон бөгөөд Европын Холбооны 2015/849 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлд заасан стратегийн дутагдлыг бүрэн арилгах шаардлагыг хангасан байна.” гэжээ.
Монгол Улсыг Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас гаргаснаар Европын Холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээг богино хугацаанд хийж гүйцэтгэх, Европын Холбооны санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.
Эх сурвалж: Монголбанк