Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Цар тахлын эсрэг “Аюулгүйн бүс”

The Mongolian Mining Journal /Dec.2020/

Г.Идэрхангай

Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.

“Зогсох эрхгүй”  уул уурхайн салбарыг нийт  аюулгүйн 18 бүсэд хуваасан юм. Уг бүсэд багтсан 25 компани тус бүрдээ төлөвлөгөө гарган  өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Тодруулахад,  зэс, нүүрсний гол экспортлогч  Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа болон  “Аюулгүйн бүс”-эд багтсан компаниудыг Шивээхүрэн, Гашуунсухайтын хилийн  боомттой хамтатган “Ногоон бүс”-ээр зарласан билээ.Зөвхөн Гашуунсухайт боомтоор 2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд нүүрсний экспортын 51.4%, зэсийн баяжмалын экспортын 55%-ийг нэвтрүүлдэг учраас  салбарын яамдаас онцгойлон анхаарч ажиллаж байна. 

Дээрх 18 орд нь зэсийн баяжмалын 100%, цайрын 100%, газрын тосны 100%, коксжих нүүрсний 95%, эрчим хүчний нүүрсний 70%,  төмрийн хүдрийн  экспортын 90%-ийг бүрдүүлдэг. Эдгээр компанийн нэн шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бусад хангамжийг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж, халдвар, ариутгалыг өндөр хяналтад  явуулж байгаа аж. 

 “Ногоон гарц” үүргээ гүйцэтгэсэн ч....

Коронавирусээс  урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ оны хоёрдугаар сард өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж,  улмаар нүүрсний экспорт 40 гаруй хоног  тэг зогсолт хийсэн. Уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөлд БНХАУ руу тээвэрлэх хүндхэн үүргийг салбарын яам хүлээн авч,  хагас жилийн үзүүлэлтээр үлэмж хэмжээгээр тасалдахад хүрсэн экспортыг сэргээх зорилгоор “Ногоон гарц” түр журмыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн юм. Журам хэрэгжихээс өмнө улсын хэмжээнд хоногт дунджаар нүүрс тээврийн 1000 хүрэхгүй машин боомтоор гарч байсан бол наймдугаар сарын сүүл гэхэд энэ хэмжээ  багагүй  нэмэгдэж, экспорт сэргэсэн. Гэтэл Монгол Улс цар тахлыг дотооддоо алдсан хүнд өдрүүд  арваннэгдүгээр сарын эхээр тохиож, Хятадын   Ганцмодны боомт дээр  шинжилгээ хийж нэвтрэх хатуу шаардлагыг манай талд тавьсан юм. Жолооч нарыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байдал ялимгүй дээрдэн үүнтэй зэрэгцэн “Ногоон гарц” журмыг ч цуцлав.  

Жолооч нарыг Хятадын талд хонуулж, хилээр илүү олон машин нэвтрэх боломжийг “Ногоон гарц“ түр журам олгож байсан билээ. Гэвч Хятадын зүгээс монгол жолооч нарыг өөрийн нутагтаа хонуулахгүй байх шийдвэр гаргасан тул энэ бүхнийг “Ногоон бүс” байгуулах замаар шийдвэрлэхээр Монголын Засгийн газар хөдлөв. Цагаан хаданд уртын болон богинын тээврийн жолооч нарыг хооронд нь ямар нэгэн холбоо харилцаагүй  тус тусад нь хэрхэн аюулгүй   тээвэрлэлт явуулах вэ гэдэг эхний том сорилт шаардсан ажил байлаа. Тиймээс богинын тээврийн жолооч нарыг эхлээд түргэвчилсэн шинжилгээнд хамруулав. 3000 гаруй түргэвчилсэн оношлуурыг Улаанбаатараас, мөн аймгаас нэмэлтээр авчран хоёр хоногийн турш шинжилгээ хийж байтал Хятадын талаас PCR  шинжилгээ хийлгэсэн байхыг шаардсан юм. Ингээд явуулын лаборатори бүхий PCR шинжилгээг түргэвчилсэн оношлууртай хамт гүйцэтгэж байсан ч үүнийг урд хөршийнхөн мөн л зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн өөрсдөө шинжилгээ авч нэвтрүүлэхээр болсон. Ийнхүү нөхцөл байдал ойр ойрхон огцом өөрчлөгдөж   Монголчуудыг багагүй сандралд оруулж,  салбарын яамдын зүгээс ч  бодлоготой, болгоомжтой ажиллахыг улам шахан шаардаж байлаа. Салбарын сайд, холбогдох албаны хүмүүс “Ногоон бүс” болон “Аюулгүйн бүс”-ийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар зарим нэг ахиц гарч байна. 

Тухайлбал, Гашуунсухайт боомтод жолооч нарыг автобусаар нэгдсэн зохион байгуулалттай  хил нэвтрүүлж, PCR шинжилгээ өгүүлэхээр БНХАУ-ын талтай тохиролцлоо. Хэдий цөөхөн ч гэсэн  нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг хорь, хориор нь хилээр нэвтрүүлж байгааг албаныхан хэлж байна. Гашуунсухайт боомтод жолооч нарыг хэзээ, хэдийд, хэрхэн шинжилгээнд хамруулах, хамрагдсан жолооч нараа ямар дэс дарааллаар нүүрс тээвэрлэлтэд гаргах  гэх мэтчлэн үйл ажиллагаа  тогтмолжуулах хуваарь гарган ажиллахаар болжээ. 

Уурхайнууд нэгдсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна

Төр, хувийн хэвшил, орон нутгийн гэхгүйгээр  цар тахлын аюулаас хамтдаа сэргийлж, хамтдаа гарц нээж ажиллаж байгаагаараа ч түүхэн үйл явдал болох юм. Уурхай бүр гамшгийн үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байдаг. Түүнийгээ улам  боловсронгуй болгож цар тахлын халдвараас сэргийлэх шинэ менежменттэй уялдуулж байна.  Гамшигтай тэмцэх олон улсын жишиг төлөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх бэлтгэлийн үед авах арга хэмжээ, ковид-ын үед авч   хэрэгжүүлэх ажлууд, уурхайн үйл ажиллагааг сэргээх гэсэн гурван түвшний цогц төлөвлөгөөг “Аюулгүйн бүс”-ийн уурхайнууд  мөрдөж, хэрэгжүүлж байгаа аж. Нүүрс экспортлогч компанийн удирдлагууд Даланзадгад хотод хуран цуглаж, бүх төлөвлөгөөтэй  нарийвчлан танилцсаны зэрэгцээ бие биенээсээ суралцах зүйлүүд ч ихээхэн гарчээ. Ингээд уурхайнууд нэгдсэн цогц төлөвлөгөө боловсруулж баталсан байна.  Тавантолгойн бүлэг орд болон Гашуунсухайт   боомт орчимд богинын замд 5000 гаруй, уртын замд 7000 орчим машин хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр эдгээр тээврийн хэрэгсэл, жолооч, албан хаагчдад үйлчилгээ үзүүлдэг  бүхий л төрлийн  оролцогч талуудын ажлын уялдаа холбоог хангах, халдвар ариутгалыг  шаардагдах хэмжээнд хийх гээд нүсэр  зохион байгуулалт өрнөж байна. Тиймээс энэ бүхнийг зангидаж удирдах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтэд Ажлын хэсгийнхэн хүрчээ.  “Цагаан хад” гаалийн хяналтын бүс  хамгийн эрсдэлтэйд тооцогдож байна.  Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайг дотоодын цэргийн хамгаалалтад авсан. Ингэснээр уурхайн аюулгүй байдал бүрэн хангагдаж үйл ажиллагаагаа тогтвортой, тасралтгүй явуулах нөхцөл боломж бүрдсэнийг  Ажлын хэсгээс мэдэгдлээ.  “Эрдэнэс Тавантолгой” нь  Монгол Улсын ДНБ-ий 7%, улсын төсвийн татварын орлогын 8%, нүүрсний экспортын 41%-ийг бүрдүүлдэг.  

Арванхоёрдугаар сарын 14-ний байдлаар, Гашуунсухайт   боомтоор  нүүрс тээврийн 335 машин, Шивээхүрэн боомтоор 341,  Оюутолгойгоос 112 машин нэвтэрчээ.    

Ээлж солих ажил хэвийн

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх зааврыг УУХҮЯ (2020.12.07)  баталсан юм. Ажилчдын ээлж солих шилжилт хөдөлгөөн хийх аж ахуйн нэгжүүд хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байна. 

Ажлын хэсэг  бодит байдалтай очиж танилцсан мэдээллээр бол уурхайд ээлжийн сунгалтаар удаан хугацаанд ажилласан ажилчдын хөдөлмөрийн чадвар муудаж, биеийн дархлаа суларч цаашид дахиж сунган ажиллуулах боломжгүй байдал үүсчээ. Тиймээс бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, олон нийтийн хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө уурхайн ажилчдын ээлжийг солих асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс тодотголоо. УОК-ийн мэдээлснээр уурхайгаас ээлжээсээ буух ажилчид хамгийн багадаа 21, дээд талдаа 35 хоноод ирж байгаа юм.

Тэгвэл ээлж солих шинэ зааврын дагуу   УУХҮЯ-ны зүгээс ээлж солих аж ахуйн нэгжүүдийн судалгаа  гарган нийт 145  компанийн Улаанбаатар хот болон хотод орон нутгаас ирж ээлжинд гарах ажилчдын жагсаалтыг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн аж. Улмаар Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 3201 ажилчдыг (2020.12.7-8)  PCR шинжилгээнд хамруулжээ.  Арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 3459 хүн ээлжинд гарч, 3448 хүнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдан ээлжээс буулгахад 8 удаагийн онгоцны нислэг үйлдэж 223 автобус, 53 суудлын тэрэг ажилчдыг тээвэрлэхэд үйлчилсэн байна.