Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Glencore” групп зэсийн “Mopani” төслөөсөө татгалзав

Үндэстэн дамнасан уул уурхайн худалдааны “Glencore” групп нь зэсийн “Mopani” төслийн 90%-ийн эзэмшлээ Замби улсад эргүүлэн өгөх буюу төрийн өмчит ZCCM компанид худалдах “бэлгэ тэмдгийн” гэрээ байгуулжээ. Харин үүний хариуд ZCCM компани нь “Glencore”-ийн 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулахаар болсон байна. 

Албан ёсоор, “Glencore” группын 81.2%-ийн эзэмшилтэй “Carlisa Investments” корпорацид “Mopani” төслийн  90%, үлдсэн 10% нь ZCCM компанийх байсан юм.

“Mopani” төсөлд Замби улсад 1930-аад оноос олборлож эхэлсэн зэсийн “Mufulira”, “Nkana” уурхай, баяжуулах болон цэвэршүүлэх үйлдвэрүүд багтдаг байна. “Glencore” групп нь энэхүү төслийн хувь эзэмшлийг 2000 онд худалдан авсан бөгөөд 2014 онд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Гэвч сүүлийн жилүүдэд төслийн үйл ажиллагаа алдагдалтай байгаа юм.

Коронавирусын тархалтын улмаас Замби улсад карантин тогтоосонтой холбоотойгоор “Glencore” групп нь зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг (2020.04.08) зогсоохдоо ашиггүй төслийг цаашид хаах асуудлыг мэдэгдэлдээ хөндсөн. Тухайн үед уурхай хаагдсан хугацаанд 11 мянган ажилтан сул зогсоход хүрсэн юм. Энэ нөхцөл байдалд Замбийн Засгийн газраас шүүмжлэлтэй хандаж, “Glencore” компанийн “Mopani” төслийн уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхааруулсан. Хэрэв төслийн үйл ажиллагаа бүрэн зогсох тохиолдолд 15 мянган уурхайчин ажилгүй болох эрсдэлтэй юм. Тиймээс талууд хэлэлцээр хийсний үр дүнд компани уг төслийн хувь эзэмшлээ тус улсын өмчид эргүүлэн өгөхөөр тохиролцжээ.

“Mopani” төсөлд “Glencore” группын хөрөнгө оруулж, уурхайн шинэчлэлтэй холбоотой хэрэгжүүлж эхэлсэн ажлуудыг дуусгахад 300 сая ам.доллар шаардлагатай аж. Түүнчлэн, 2020 оны арваннэгдүгээр сард Замби улс дефолт зарласан билээ. Тиймээс тус улсын төрийн ZCCM компани зэсийн энэ төслийг авч явахад гадаадын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Тухайлбал, Хятад, Өмнөд Африк, Канад, Турк болон Катарын компаниуд сонирхлоо илэрхийлсэн байна.

Жилд 140 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай ч 2019 онд ердөө 51 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Э.Од