Хятад улс Австралиас зэсийн баяжмал импортлохоо бүрэн зогсоожээ. Энэ нь албан ёсны хориг биш ч хоёр улсын таагүй харилцааны улмаас Хятадын үйлдвэрлэгчид Австралиас түүхий эд худалдан авахаас зайлсхийж байна.
Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Австралиас нэг ч тонн зэсийн баяжмал болон хүдэр Хятад улс импортлоогүйг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Тэгвэл өмнөх арваннэгдүгээр сард 26.71 мянган тонн, 2019 оны сүүлийн сард 110.93 мянган тонныг Австралиас худалдан авч байжээ. Австралийн зэсийн баяжмалын Хятадын импортын хэмжээ 0 болсон нь сүүлийн 16 жилийн хугацаанд буюу 2014 оны дөрөвдүгээр сараас хойших анхны тохиолдол болохыг International Copper Study Group (ICSG) мэдэгдсэн юм.
Албан ёсны (2021.01.14) мэдээллээр, Хятад улс 2020 онд нийт 21.77 сая тонн зэсийн баяжмал импортолсон бөгөөд зөвхөн арванхоёрдугаар сард 1.89 сая тонн баяжмал гаднаас худалдан авчээ. Өнгөрсөн онд Хятадын зэсийн баяжмалын зургаа дахь том нийлүүлэгч улс Австралис нийт 783.47 мянган тоннд имптортолсон нь 2019 оныхоос 25%-иар буурч, 2016 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болжээ. 2020 оны зэсийн нийлүүлэлтээр Хятадын зах зээл дээр Чили улс тэргүүлж байгаа бол араас нь Перу, Мексик болон Монгол Улс удаалж байна.
Хятадын Засгийн газраас зэсийн баяжмал багтсан долоон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Австралиас худалдаж авахгүй байх зааврыг дотоодын компаниуддаа өгсөн талаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ.
Э.Од