Гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байдлаар анх удаа дэлхийд БНХАУ тэргүүлсэн байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) тайлангаар, 2020 онд Хятадын эдийн засагт гадаадаас 163 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Энэ нь өмнөх оноос 4%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Хятад улс тэргүүлэхэд дэлхийн бусад орнууд, тэр дундаа АНУ-д хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлжээ. Сүүлийн арав гаруй жил тэргүүлж ирсэн АНУ-ын эдийн засаг 2020 онд 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас татсан байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн 2019 онтой харьцуулахад хоёр дахин буурчээ. Тайланд тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд тус улс руу чиглэсэн ГШХО буурсан байна. 2016 онд тус улсын эдийн засагт орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 472 тэрбум ам.доллар хүрч дээд үзүүлэлтээр тооцогджээ. Тухайн үеэс жил бүр буурсан бол харин Хятадын эдийн засаг дахь ГШХО тогтмол өссөн байна.
Гадаадаас татах шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт нь тухайн улсад шинээр үйлдвэр барих, эсвэл үйлдвэрлэлээ өргөжүүлэх, дотоодын компаниудыг худалдан авах үйл явцыг харуулдаг. Тухайлбал, цар тахал дэгдсэн хэдий ч Хятадын зах зээлд Германы “Adidas”, Америкийн “Honeywell International” компаниуд үйлдвэрлэлээ тэлж байна. Мөн АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр “Walmart” ирэх таван жилд 460 сая ам.долларын (3 тэрбум юань) хөрөнгийг Ухан хотод оруулна. Цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla” компани Шанхай дахь салбараа өргөтгөж буй. Тус хот дахь “Диснейленд”-ийн шинэ бүтээн байгуулалтаа “Walt Disney” компаниас үргэлжлүүлж байна.
КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 онд дэлхийн хэмжээнд ГШХО 42%-иар буурч 859 тэрбум ам.доллар хүрсэн нь XXI зууны хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байна. Жилийн өмнө буюу 2019 оны дүнгээр 1.5 их наяд ам.доллар байжээ. Дэлхийн нийт ГШХО-ын 1/3-ийг Зүүн Азийн бүс нутаг татсан нь 1980-аад оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
Э.Од