Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2021.01.28) эцэслэн хэлэлцээд байна. Банкны холбоогоор дамжуулан хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдох саналаа арилжааны банкууд өгсөн ба эцсийн хэлэлцүүлэг хүртэл Банкны холбооны төлөөлөл Ажлын хэсэгт орж ажиллажээ. Төв банкнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр (2021.01.29) Монголбанкны Бодлогын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Ариунбат мэдээлэлдээ, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаад буй өөрчлөлтийн талаар тайлбарласан юм.
Банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол агуулгыг 4 хэсэгт авч үзэж байна.
Нэгд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 12 банкийг нээлттэй хувьцаат компани болгох. Үүнээс 5 нь системийн нөлөө бүхий банк байна. Тус банкууд хуулийн зохицуулалтаараа 2022 оны зургаадугаар сарын 30-ний өдрийн нээлттэй хувьцаат компани болж санхүүгийн зах зээлд IPO гаргах ёстой. Бусад банкууд нээлттэй болон хаалттай хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж болно. Банкууд нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлд ахиц дэвшил гарна гэж үзэж байна. Өдгөө Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг дангаараа банкууд бүрдүүлж байгаа нь хөрөнгө зах зээлрүү хөрвөх боломжийг олгоно гэж төсөл боловсруулагчид харж байгаа юм.
Хоёрт, хувь нийлүүлэгчдийн төвлөрлийг 20%-иар хязгаарлах. Энэ хязгаарлалт нь банкны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд 1 хувьцаа эзэмшигч нь дангаараа болон холбогдох этгээдийн хамт тухайн банкнаас гаргасан хувьцааны 20%-иас хэтрэхгүй хэмжээний хувьцаа эзэмшихээр тусгажээ. Энэ зохицуулалт нь 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хангагдсан байх ёстой.
Гуравт, банк татан буусан тохиолдолд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зохицуулсан төлбөр барагдуулах дарааллыг илүү боловсронгуй болгож нийгмийн дундаж давхарга буюу хуримтлалтай иргэд, өрхийн хуримтлалыг тэргүүн ээлжинд хамгаалах өөрчлөлтүүд орж байгаа нь томоохон ахиц гэдгийг тодотголоо.
Дөрөвт, системийн нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчлан, боловсронгуй болгож хуульчилхаар тусгасан байна. Одоогийн байдлаар нийт системийн 5-аас дээш хувийг эзэлж буй банкийг системийн нөлөө бүхий банк гэж үздэг бол нэмэлт өөрчлөлтөөр тухайн банкны зах зээлд эзэлж байгаа хэмжээ, систем дэх гүйлгээний нийт дүн, санхүүгийн тогтолцоон дахь хамаарал, мөн бусад хүчин зүйлсийг боловсронгуй болгож байна.
Л.Номин