Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Baowu Steel” групп “Shandong Iron & Steel” компанитай нэгдэж магадгүй

Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Shandong Iron & Steel” компанитай нэгдэх асуудлаар хэлэлцэж буй талаар мэдээлэл цацагджээ. Энэ мэдээллийг талууд няцаагаагүй ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. “Shandong Iron & Steel” компани жилд 30 гаруй сая тонн ган үйлдвэрлэдэг учир хэрэв компаниуд нэгдэх тохиолдолд “Baowu Steel” группын гангийн үйлдвэрлэл 160 сая тонныг давах юм. Төрийн “Shandong Iron & Steel”-ийн тухайд, охин компани “Jinan Iron & Steel” нь Монголын “Энержи Ресурс” компанитай коксжих нүүрс нийлүүлэх гэрээтэй ажиллаж байсныг монголчууд мэддэг.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн “Baowu Steel” нь Хятадын гурван ч гангийн үйлдвэрлэлийг групптээ нэгтгэн эзэмшсэн билээ. 2019 онд “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцаа, өнгөрсөн онд “Taiyuan Iron & Steel” болон “TISCO” компаниудын хяналтын багцыг тус тус эзэмшсэнээр “Baowu Steel”-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал 130 гаруй сая тоннд хүрсэн юм. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “ArcelorMittal” компанийг давж, гангийн хамгийн том үйлдвэрлэгч болов.

2016 онд Хятадын засгийн газраас төрийн “Baosteel Group” болон “Wuhan Iron & Steel Group”-ийг нэгтгэснээр “Baowu steel” группыг байгуулсан. Тухайн үед 2021 он гэхэд “Baowu steel” группын гангийн үйлдвэрлэлийг 100 сая тонн давуулах зорилт ийнхүү биелсэн байна.

Одоо “Baowu steel” групп жилд 20 сая тонн хүчин чадалтай гангийн үйлдвэрлэлийн кластерыг Жансу мужид байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Цогцолборын эхний ээлжийн 8-10 сая тонн хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтад 50 тэрбум юань буюу 7.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Уг үйлдвэр 2021 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй.

Тус групп гангийн үйлдвэрийн хүчин чадлаа 200 сая тоннд хүргэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд цаашид ч дотоодын үйлдвэрүүдийг нэгтгэх төлөвийг Хятадын ган үйлдвэрлэгчдийн ассоциацаас (CISA) мэдээлжээ.     

Э.Од