“Оюутолгой” компани өнөөдөр 2020 оны дөрөвдүгээр улирлын тайлан болон гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнгээ танилцууллаа. Ил уурхайн болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлснээр агуулга сайтай хэсэгт хүрч, олборлож эхэлсэнтэй холбоотойгоор ил уурхайн зэсийн гарц 2019 онтой харьцуулахад 2%-иар өссөн байна. Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байгааг тайландаа дурьджээ. 2020 онд ил уурхайн нийт олборлосон материал 97.7 сая тоннд хүрчээ. Үүнээс 40.2 сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулсан байна. Мөн 693 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бол баяжмал дахь зэсийн дундаж агуулга 21.6%-тай гарчээ.
Дөрөвдүгээр улирлын эцсийн байдлаар 770 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 499 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Тус компани өнгөрсөн онд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 71%-ийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.
Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил одоогоор 53 мянган метр хүрч, анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил дуусаж байгааг компани онцоллоо. Үйлдвэрлэлийн амыг ашиглалтад авснаас хойш түүгээр дамжуулан нэг сая гаруй тонн хүдрийн биетийг тээвэрлэн гаргаад байгаа ажээ. Гүний уурхайн хүдрийн нөөц нь дунджаар 1.52%-ийн зэсийн агуулгатай байгаа нь ил уурхайн хүдрийн агуулгаас гурав дахин их гэсэн үг юм. Түүнчлэн 0.31 грам/тн алтны агуулгатайг компани онцолжээ.
Л. Номин