АНУ-ын эрчим хүчний систем 2033 он гэхэд нүүрснээс бүрэн ангижрах тооцооллыг “Morgan Stanley” банкнаас дэвшүүлжээ. Тодруулбал 2030 он гэхэд тус улс цахилгаан үйлдвэрлэлийн 39%, 2035 онд 55%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс тус тус гаргах төлөвтэй байгаа ажээ. Энэ нь аажимдаа чулуужмал түлшний хэрэглээг бууруулахаар байна. АНУ-д нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах хуулийг хэрэгжүүлэх муж нэмэгдэхийн хэрээр чулуужмал түлшнээс сэргээгдэх салбар руу шилжих явц эрчимтэй өрнөхөөр байгаа ажээ.
Өнгөрсөн жилийн байдлаар АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэлийн 20%-ийг нүүрсний цахилгаан станц бүрдүүлсэн бол уг үзүүлэлт энэ онд 22%-д хүрч мэдэхээр байгааг “Morgan Stanley” банкнаас анхааруулжээ. Үүнд байгалийн хийн үнэ зах зээлд нэмэгдэж буй нь нөлөөлнө. Гэхдээ түр зуурын энэ нөхцөл байдал нь сэргээгдэх эрчим хүч руу шилжих урт хугацааны үйл явцад төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байна.
2021 онд зах зээл дээр байгалийн хийн үнэ 48%-иар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь нүүрсний хэрэглээг 2021 онд нэмэгдүүлэх ч цаашид тогтвортой буурна гэж тус банк төсөөлжээ.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн мэдээлснээр 2019 онд тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс эхтэй хүлэмжийн хийн ялгаруулалтын 60% нь нүүрсний станцынх байжээ. Харин үлдсэнийг газрын тос, байгалийн хий эзэлсэн байна.
Б.Төгс