УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Тарун Капуртай цахим уулзалт хийсэн байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бүтээн байгуулалтын үе шатанд шилжиж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг УИХ баталснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах эрх зүйн орчинг бүрдүүлж байгааг УУХҮ-ийн дэд сайд онцолжээ.
Үйлдвэрийн бүтээгдэхүүн дамжуулах хоолой байгуулах төслийн нарийвчилсан ТЭЗҮ болон инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлахад Энэтхэгийн талаас дэмжлэг үзүүлэх, EPC-2, EPC-3 багцуудын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах ажлыг эрчимжүүлэхэд хоёр тал идэвхтэй хамтран ажиллах тухай уулзалтаар хэлэлцсэн байна. Монголын талаас дэвшүүлсэн эдгээр асуудлыг Энэтхэг улсын холбогдох байгууллагуудад уламжлан хамтран ажиллахад бэлэн гэдгээ БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд илэрхийлжээ.
Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор сайн чанарын коксжих нүүрсийг Монгол Улсаас БНЭУ-д нийлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.
Эх сурвалж: УУХҮЯ