Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Удоканы баяжуулах үйлдвэрийн барилга 45%-ийн гүйцэтгэлтэй байна

Өнөөгийн байдлаар Удоканы орд газарт УБҮ- ийн барилгын ажил 45%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн талаар “Удоканы зэс” (хуучнаар “Байкалийн уулын компани”) компани мэдээлжээ. Тус үйлдвэрт дэвшилтэт технологийн нийт 30 гаруй тоног төхөөрөмж суурилуулах аж.

Төслийн талбайд 50МВт хүчин чадалтай цахилгааны дэд станц ашиглалтад орж одоо 146МВт хүчин чадалтай станц барьж байна. Түүнчлэн, БАМ-ын төмөр замын Шинэ Чара өртөөн дээр  түүхий эдийн агуулах, тээвэрлэх цогцолборын барилгын ажил явагдаж байгаа аж. Уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнийг энэхүү агуулахад нөөцлөх ба өртөөнөөс төмөр замаар тээвэрлэж экспортлох юм.  Удоканы үйлдвэрлэл 2022 оны сүүлчээр эхлэх төлөвлөгөөтэй. 12 жилийн өмнөөс хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь судалгаа, төлөвлөлтийн шатнаас үйлдвэрлэлийн шатанд шилжиж байгаа учир компани нэрээ “Удоканы зэс” болгон өөрчилж байгааг тус компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Валерий Казикаев мэдэгджээ.

Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, үйлдвэрийн суурийг тавиад байна. Төслийн нийт өртөг 2.9 тэрбум ам.доллар юм. Удоканы орд нь JORC стандартаар 26.7 сая тонн цэвэр зэсийн нөөцөөр Орост нэгдүгээрт, дэлхийд гурав дахь том ашиглагдаагүй зэсийн ордод тооцогддог.

Ташрамд дурдахад, АНУ-ын Авлигатай тэмцэх сангаас Оросын 35 нэр бүхий бизнесменд хориг тавих асуудлыг тус улсын Ерөнхийлөгчийн түвшинд тавьсан бөгөөд “Удоканы зэс” компанийн бенефициар өмчлөгч Алишер Усмановын нэр багтжээ.     

Э.Од
.