2007 онд байгуулагдсан цагаас хойш “Эрдэнэс Монгол” нэгдэл анх удаа 100 сая ширхэг хувьцаанд 2 тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлжээ. Өнгөрсөн онд тус компани нийт 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Нийгмийн үүргийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн менежментийн үр ашгийн тооцоолол, аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас ийнхүү ногдол ашиг хуваарилж байгаа аж.
Тус компани стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулан ажилладаг. Мөн бүс нутагтаа өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалт, менежментийн компани болох зорилт тавьжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл хайгуулын болон ашиглалтын нийт 13 тусгай зөвшөөрөл эзэмшиж, 13 охин компани, хоёр төслийн нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн онд “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” эзэмшдэг Салхитын мөнгөний ордын олох ашгаас “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн билээ. Харин 2021 онд “Эрдэнэс бонд” гарган ирэх тавдугаар сард зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгийн үнэт цаас олгохоор ажиллаж байна.
Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” нэгдэл