“Рио Тинто” компани нь 2020 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн үр дүнгээ мэдээллээ. Тус компани нь АНУ, Монгол, Чили зэрэг гурван оронд зэсийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд АНУ-ын Юта мужид орших Кеннекот уурхайн хүдэр дэх зэсийн агууламж 28%-иар буурснаас үүдэн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 2019 онтой харьцуулбал 25%-иар буурчээ. Учир нь уурхайн зүүн хэсгийн бага агууламжтай хүдрийн хэсэгт олборлолт явуулсан болон молибдений хүдрийн үйлдвэрлэлийг илүү оновчтой болгох зорилгоор хайлуулах үйлдвэрийг мөн оны хоёр, гуравдугаар улиралд хаасан нь үүнд нөлөөлжээ.
Уурхайн үйл ажиллагааны тухайд 2020 он амаргүй байсан. Тухайлбал гуравдугаар сард газар хөдлөлт болж, мөн КОВИД-19-ийн дэгдэлтийн улмаас саатал гарсан ч уурхайн үйл ажиллагаа үргэлжилсэн. Үүний үр дүнд 2021 оноос эхлэн зүүн хэсгээс өмнөд хэсгийн мөргөцөгт шилжихэд хүдэр дэх агууламжийн хэмжээ алгуур нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Мөн газар хөдлөлт болсны дараагаар конвертер зуухыг дахин шинэчлэн барих шаардлага үүссэн байна. 2020 оны дундуур төлөвлөсөн томоохон засвар үйлчилгээний дараа хайлуулах үйлдвэрийг дахин ажиллуулахад саатал гарснаас үүдэн цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл 2019 онтой харьцуулбал 54% буурчээ.
Чили дэх Эскондида уурхайн зэсийн үйлдвэрлэл 2019 онтой харьцуулахад 1%-иар бага байсан нь КОВИД-19 цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн урьдчилсан сэргийлэх арга хэмжээний улмаас уусгалтын овоолгын хэмжээ 15%-иар бага байсантай холбоотой. Гэсэн ч энэхүү бууралтыг баяжуулах үйлдвэрийн гарцыг нэмэгдүүлэх замаар нөхсөн байна. Түүнчлэн уусган баяжуулалтад оруулсан материалын хэмжээ бага байсан нь цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэлийн нийт хэмжээнд сөргөөр нөлөөлсөн талаар “Рио Тинто” дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн үр дүнгийн тайландаа тэмдэглэжээ.
Харин Монгол дахь Оюутолгой ордын ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ 2019 оны үйлдвэрлэлээс давсан нь ил уурхайн өндөр агууламжтай хүдрийн хэсэгт уурхайн бэлтгэл үе шатыг хурдан хугацаанд гүйцэтгэж, үйлдвэрлэлийн шатанд шилжсэнтэй холбоотой байна. Дөрөвдүгээр улиралд ил уурхайн шаталсан олборлолтын хүрээнд өмнөх улирлаас давсан хэмжээний алт олборлосон. Зэс, алтны өндөр агууламж бүхий хүдрийн хэсэгт нэвтрэх явц 2021 оны туршид үргэлжлэх төлөвтэй байгааг онцолжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд “Рио Тинто” Оюутолгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын цаашдын төлөвийг танилцуулсан. Ингэхдээ өмнө нь зарлаж байсны дагуу тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхэлж, бүтээн байгуулалтын нийт зардал 6.75 тэрбум ам.доллар байхаар тооцсон. “Рио Тинто”-ийн зүгээс Оюутолгойн гүний уурхайн блокчлон олборлох ажлыг 2021 онд эхлүүлэхийн тулд Засгийн газраас авах зөвшөөрлүүд, санхүүжилт болон эрчим хүчний шийдэл зэрэг нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэжээ.
Л. Номин