2020 онд Монгол банк 23.6 тонн алт худалдан авсан. Ингэснээр гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2%-иар нэмэгджээ. Энэ нь манай улсын импортын 11 сарын хэрэгцээг хангахуйц дүн юм. Энэ онд Төв банкнаас үнэт метал худалдан авалтаа нэмэгдүүлэх зорилтын талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагаас MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг тодрууллаа.
Өнгөрсөн онд алт тушаалтыг эрчимжүүлэх ямар ажлууд хийсэн бэ? Алт тушаалт нэмэгдсэн гол хүчин зүйл юу байв?
Монголбанк 2020 онд нийт 23.6 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийсэн. Үүнд, алт олборлогч компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олборлолтыг нэмэгдүүлэхээр алтаар эргэн төлөгдөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээл олгож эхэлсэн. Мөн үнэт металын арилжаа эрхэлж байгаа иргэдэд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагааг нь албажууллаа. Орон нутгийн алт олборлолтыг дэмжих, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор Дархан-Уул, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтсээр дамжуулан үнэт метал худалдан авах ажил явагдаж байна. Үнэт металын сорьцын шинжилгээний үр дүнг цахимжуулах, тоон гарын үсгээр баталгаажуулдаг байхаар өөрчлөлт оруулан ажиллаж байна.
Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэхэд алтны худалдан авалт хэрхэн нөлөөлсөн бэ?
Монгол банкны Эрдэнэсийн сан үнэт метал худалдан авч, Лондоны металлын биржид бүртгэлтэй цэвэршүүлэгч үйлдвэрт цэвэршүүлж, мөнгөжүүлэн гадаад валютын улсын нөөцийг жил бүр 700-800 сая ам.доллараар нэмэгдүүлж байна. 2020 онд гадаад валютын албан нөөц алтаар 880 сая орчим ам.доллараар нэмэгдсэн. Монголбанкны сүүлийн таван жилийн алт худалдан авалт 100 орчим тоннд хүрч, нийт 3.7 тэрбум ам.доллараар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлсэн байна.
Цар тахлын үед алт худалдан авах үйл ажиллагаанд өөрчлөлт орсон уу? Ямар нэг хүндрэл үүссэн үү?
Монголбанкны үнэт металын сорьцын шинжилгээний дүн гарах, хот хоорондын тээвэрлэлт зэргээс хамаарч иргэд, аж ахуй нэгж, арилжааны банкуудын үнэт металыг 3 өдөр хадгалдаг байсан журамд өөрчлөлт оруулж үнэ төлбөргүй хадгалах хугацааг уртасгасан. Тухайн аж ахуй нэгж, иргэд, арилжааны банк нь үнэт металаа Монголбанкинд хадгалуулаад шийдвэрээ гаргасан үедээ худалдах боломжтой. Энэ нь арванхоёрдугаар сард алт худалдан авалт нэмэгдсэн нэг шалтгаан юм. Одоогийн байдлаар Монголбанк үнэт металыг цэвэршүүлэхэд агаарын тээвэрлэлт хоорондын зай хол, цөөн, үнэтэй байна. Гэхдээ ачаа тээвэр учраас олон улсын журмын дагуу хэвийн явуулахаар ажиллаж байгаа.
Нийт алт тушаалтын хэдэн хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байна вэ?
Монголбанк худалдаж авсан алтны 60 орчим хувийг аж ахуйн нэгжийн тушаасан үнэт метал эзэлж байна. Гэхдээ аж ахуй нэгж, иргэд дийлэнх нь банкаар дамжуулан худалдаалдаг болсон. Өмнө нь иргэд тусгай зөвшөөрөлгүй байх үед гарал үүсэл тодорхой бус, тайлан бүртгэл сул байсан. Гэхдээ Монголбанк нь иргэдээс тушаасан алтнаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган улсын төсөвт шилжүүлэн, Татварын байгууллагад сар бүр тайлагнадаг байсан. Харин одоо Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлснээр үнэт металын арилжаа эрхэлж байгаа иргэд Санхүүгийн зохицуулах хороонд үнэт металын гарал үүслээ тайлагнах болсон. Ингэснээр Монголбанкны худалдаж авсан үнэт металын гарал үүсэл улам нарийн тодорхой болж байна.
Нөгөө талдаа Монгол Улсад үнэт металаар үнэт эдлэл, бэлэг дурсгал хийдэг иргэд, аж ахуйн нэгжид олон улсын стандарт шаардлагыг хангасан, гарал үүсэл нь тодорхой, 999 сорьцтой үрлэн болон гулдмай хэлбэртэй цагаан мөнгө, алтан гулдмайг Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаж эхэлсэн.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг дэмжих зээл олгодог. Гэхдээ тус банкны эрх мэдэл Сангийн яаманд шилжсэнээр зээл олголт буурч байна. “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд олборлогч компаниудад хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг Төв банкнаас олгож байгаа. Өнгөрсөн онд олгосон 120 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт тогтвортой байна уу?
Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөр болон урт хугацаат санхүүжилт олгосон. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсч, 1.7 тэрбум ам.долларт хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал багасахад томоохон хувь нэмэр оруулсан. Монголбанкнаас алт олборлогч компаниудад олгож байгаа хөрөнгө оруулалтын урт хугацаат санхүүжилт нь 2021 онд үргэлжилнэ.
2021 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх ямар зорилт Монголбанк дэвшүүлэн ажиллах вэ?
2021 онд Монголбанкны зүгээс алт олборлолтыг дэмжих зорилгоор алтны компаниудад олгож байсан зээл нь хөрөнгө оруулалтын зээл болж үргэлжилнэ. 2020 онд алт олборлогч компаниуд шинээр нэмэгдсэн. Алтны үнэ өндөр, алт олборлогч болон арилжаалж байгаа аж ахуйн нэгжийн өнгөрсөн оны үйл ажиллагааг улам эрчимжүүлж энэ онд алтны худалдан авалт нэмэгдэх төлөвтэй байна. Үнэт металын худалдан авалтад алт, мөн цагаан мөнгө багтдаг. Цагаан мөнгө олборлогч компаниуд Монголбанкинд худалддаг. Монголбанк “Эрдэнэс Силвер Ресурс” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ оны гэрээний хэрэгжилтийн талаар төлөвлөж байна.