Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Салхитын алт, мөнгөний уурхайн үйл ажиллагаатай Ерөнхийлөгч танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 6-нд Салхитын алт, мөнгөний ордын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалсан бөгөөд 2019 онд байгуулагдсан “Эрдэнэс Силвер Ресурс”  компанид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 2887 га талбайг шилжүүлсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны босгон дээр УИХ баталсан юм.

Ийнхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг даалгавар авсан  Салхитын мөнгө, алтны ордын ТЭЗҮ-ийг боловсруулж, ордын нөөцийг барьцаалан 233 мянган ахмадын 1 их наяд орчим төгрөгийн зээлийг “Эрдэнэс бонд”-оор төлсөн билээ. Өөрөөр хэлбэл бонд гаргах замаар арилжааны банкууд нийт тэтгэврийн зээлийн төлбөрийг төлсөн бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд бондын төлбөрийг төлж дуусгах үүрэгтэй. Мөн зээлгүй ахмадуудад эзэмшүүлсэн 1 сая төгрөгийн ваучерыг (210  орчим тэрбум төгрөг) 2021 оны тавдугаар сард мөнгөжүүлэх нь тус компанийн зорилго гэдгийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ярилаа. Энэ төлбөрийг барагдуулахаар хэд хэдэн хувилбар дэвшүүлжээ.  

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 8-нд  төрийн өмчит  “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монгол банкинд тушааж, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн тэрээр мөн онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  компанийн уурхай, баяжуулах үйлдвэр болон шинэ баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ “Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна” гэлээ.

Тэрээр мөн  “Салхитын алт, мөнгөний орд” нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсныг дурдаад дараагийн анхаарах зүйл бол  уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил хэмээн тодотгов.

Шинэ баяжуулах үйлдвэрийн суурийг тавьсан бөгөөд энэ оны тавдугаар сард  ашиглалтад орсноор одоогийн үйлдвэрээс хоёр дахин илүү хүчин чадалтай буюу 600 мянган тонн хүдэр боловсруулах юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг “Эрдэнэс Силвер Ресурс” компани өөрсдөө санхүүжүүлж, менежментийг нь хийж байгаа гэдгийг  онцолж байв.

Салхитын тусгай зөвшөөрлийн талбай нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутагт Зүүн хэмээх газарт байршдаг бөгөөд Улаанбаатар хотоос урагш 280 км, Дундговь аймгийн төвөөс зүүн тийш 75 км, Гурвансайхан сумын төвөөс хойд зүгт 35 км зайд, Дэлгэрцогт сумын төвөөс 60 км-т оршдог юм.  Тус орд нь мөнгөний хүдрийн 2,920 мян.тонн нөөцтэй (B+С), жилд 600 мян. тонн хүдэр олборлох  хүчин чадалтай.  2020 оны геологи хайгуулын ажлын үр дүнд нийт 2890 орчим га талбайг хамруулан дахин өрөмдлөг, уул сувгийн ажил хийсний дүнд нөөцийг 2-3 дахин өсгөх  тооцоолол гарчээ.

Г.Идэр