Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Далайн эрэгт саатсан Австралийн нүүрсийг Хятад импортлохоор болжээ

Далайн эрэгт саатаж буй усан онгоцон дээрх Австралийн коксжих нүүрсний тодорхой хэсгийг Хятадын тал импортлохоор болсон тухай mining.com мэдээлжээ. 2020 оны аравдугаар сарын дундаас Хятад улс нь Австралийн коксжих нүүрсэнд импортын хориг тогтоосон билээ. Үүний улмаас Австралиас коксжих нүүрс ачсан усан онгоцнууд Хятадын зүүн хойд далайн эрэг орчим гацаад багагүй хугацаа болж буй юм.

Австралийн коксжих нүүрсний далайн тээврийг Энэтхэг, Орос болон бусад орны ложистикийн компаниуд гүйцэтгэж байгаа аж. Далайн эрэгт гацсан Австралийн нүүрсийг Хятадын талаас импортлохдоо цаашид хоригоо цуцлах эсэх талаар тус улсын зүгээс албан ёсоор мэдэгдээгүй байна. Хятадын Гаалийн ерөнхий газар болоод тус улсын Гадаад хэргийн яамнаас Австралийн нүүрсийг импортлох асуудлаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй аж.

Тэгвэл “Аргус” агентлагийн мэдээлснээр, Австралийн 4.1 сая тонн коксжих нүүрс ачсан нийт 39 усан онгоц Хятадын далайн эрэгт саатаж байна. Хятадын талаас 8 усан онгоцны 850 мянган тонн коксжих нүүрсийг Жинтан, Цаофэйдянь боомтоор нэвтрүүлэх зөвшөөрөл олгожээ. 

Зах зээлийн судалгааны “Today think thank” байгууллагын мэдээллээр, Хятад хориг тогтоосноос хойш 2020 оны арваннэгдүгээр сард Австралиас 247 мянган тонн коксжих нүүрс, арванхоёрдугаар сард огт импортлоогүй байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд Хятадын зах зээлд нийлүүлсэн Австралийн коксжих нүүрс 35.48 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 14.76% -иар өсчээ. Энэхүү үзүүлэлтээр Хятадын коксжих нүүрсний нийт импортын 51.3%-ийг Австрали эзэлсэн байна.

Э.Од