Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

FT: Засгийн газар “Рио Тинто”-д гэрээг хоёр талаас цуцлах хүсэлт тавьсан

Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай тохиолдолд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах саналтай байгаагаа “Рио Тинто” компанид мэдэгдсэн билээ. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр хоёр талын харилцан зөвшилцлийн үндсэн дээр гэрээг цуцлаад шинэ гэрээ байгуулах замаар төслийг урагшлуулах санал Монголын Засгийн газар “Рио Тинто” компанид тавьсан тухай “Financial Times” өчигдөр мэдээллээ. Ингэснээр Монгол Улс зөвхөн нэг талыг барьж гадаадын хөрөнгө оруулалтад хориг саад тавьдаг гэсэн буруу ойлголт төрүүлэхээс сэргийлэх ач холбогдолтой юм.

“Рио Тинто” компани өнгөрсөн арванхоёрдугаар сард далд уурхайн хөрөнгө оруулалтын нийт зардал 6.75 тэрбум ам.доллар төдийгүй ашиглалтад орох хугацаа 2022 оны аравдугаар сард болж хойшилсныг албан ёсоор мэдэгдсэн. Ингэснээр далд уурхайн төслийн санхүүжилт анх төлөвлөснөөс бараг 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа бараг хоёр жилээр хойшлох нь тодорхой болсон юм. Үүний улмаас Оюутолгой төслөөс Монголын тал ногдол ашиг авахгүй болоод зогсохгүй төсөлд эзэмших 34%-ийг зээлээр санхүүжүүлсний дүнд 2051 он гэхэд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцооллыг Засгийн газар нэгдүгээр сард танилцуулсан. Нөгөөтэйгүүр дээрх хугацаанд “Оюутолгой” компани Монгол Улсад ердөө дөрвөн жил аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөөр байгааг онцолсон.

Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд Дубайн гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлагатайг Засгийн газар тайлбарлаж байна. Энэ хүрээнд “Рио Тинто” компани нь төслийн зээлийн санхүүжилтийн хүүг болон менежментийн төлбөрийн хэмжээг тодорхой хэмжээгээр тус тус бууруулах асуудлыг судлах боломжтойг мэдэгдсэн юм.

“Рио Тинто” компанийн хувьд Оюутолгой нь хамгийн өсөлттэй, чухал төслүүдийн тоонд зүй ёсоор багтдаг.

Оюутолгойн далд уурхай ашиглалтад орох үед ил болон далд уурхайгаас оргил үедээ (2028 онднийт 580 мянган тонн зэс, 570 мянган унц алт олборлох төсөөлөлтэй байна. “Рио Тинто” компанийн мэдээлснээр Оюутолгой уурхай нь 2030 он гэхэд зэс олборлолтоор дэлхийд эхний дөрөвдүгээрт орох юм.

“Оюутолгой” ХХК-ийн зүгээс 2021 онд агуйлах ажлаа эхлүүлэхийн тулд дутуу үлдсэн Засгийн газрын зөвшөөрлүүд, санхүүжилт болон эрчим хүчний асуудал зэрэг нэмэлт ажлуудыг хийсэн байх шаардлагатайг онцолсон. Хэрэв Монголын талаас шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах болон бусад холбогдох зөвшөөрөл олгох асуудалд удаашралтай хандвал далд уурхайн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй байгаа ажээ.

Туркойз Хилл-ийн мэдээлж буйгаар энэ онд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.1-1.2 тэрбум ам.долларт хэлбэлзэхээр байна.  

Оюутолгой төслийн 34%-ийг Засгийн газар, үлдсэн хувийг Канадын “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшиж байгаа юм. Харин “Туркойз Хилл Ресурс”-ын хяналтын багц (50.79%)-ыг “Рио Тинто” компани эзэмшдэг. Ингэснээр тус компани Оюутолгой-д 33.52%-ийг шууд бусаар эзэмшдэг гэсэн үг.

Б.Төгс