Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ГЕГ: Зэсийн баяжмал, нефтийн экспорт хамгийн өсөлттэй гарлаа

Оны эхний сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум орчим ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.8%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 639.9 сая ам.доллар, импорт  458.8 сая ам.долларыг тус тус эзэлжээ. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 39.4%-иар өссөн бол харин импорт 3.1%-иар буурсан байна.

Улсын нийт экспортын 87.9%-ийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлэв.

Нүүрсний экспорт, өнгөрсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд биет хэмжээгээр 2.5 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 3%-иар, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынхаас даруй 57.2%-иар өсчээ. Орлогын дүнгээр нүүрсний экспортоос 221 сая орчим ам.доллар олсон нь 8.5%-ийн өсөлттэй гарлаа. Хэдийгээр нэгдүгээр сарын дунд үеийн байдлаар манай улс 931 мянган тонн нүүрс экспортлоод байсан ч сарын сүүлийн хагаст нүүрсний экспорт мэдэгдэхүйц нэмэгдсэн болох нь харагдаж байна.

Эх сурвалж: ГЕГ

Зэсийн баяжмалын экспорт оны эхний сард 109.5 мянган тоннд хүрч, орлогын дүнгээр 194.3 сая ам.долларт хүрлээ. Энэ нь биет хэмжээгээр 7.8%, мөнгөн дүнгээр 70%-иар тус тус нэмэгдсэн дүн боллоо. Зэсийн ханш зах зээлд дээшилсэн төдийгүй Оюутолгойн баяжмалд агуулагдах алтны хэмжээ өсч буй нь зэсийн баяжмалын экспорт нэмэгдэхэд нөлөөлж байна. Ингэснээр зэсийн баяжмал манай улсын экспортын хамгийн өсөлттэй бүтээгдэхүүн болж ирлээ.

Төмрийн хүдрийн экспорт мөн хугацаанд биет хэмжээгээр мэдэгдэхүйц буурсан боловч орлогын дүнгээр 31.7%-иар нэмэгдэж 73.1 сая ам.долларт хүрлээ.

Он гарсаар эхний сард газрын тосны экспорт биетээр 519.2 мянган баррельд хүрч, мөнгөн дүнгээр 25.5 сая ам.доллартай тэнцлээ. Ингэснээр орлогын дүнгээр газрын тосны экспорт өнгөрсөн сард 50.6%-иар өссөн дүнтэй гарлаа.

Бусад эрдсийн тухайд жоншны экспорт орлогын дүнгээр мөн өсөлттэй гарсан бөгөөд цайрын баяжмал болон молибденийн баяжмалынх бууралттай гарлаа.

Эх сурвалж: ГЕГ

 

Б.Төгс