Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Mining Intelligence”-ээс дэлхийн зэсийн 10 том төслийг эрэмбэлжээ 

Олон улсын “International Copper Study” группийн судалгаагаар, сүүлийн арван жилд дэлхийн зэсийн эрэлт тасралтгүй өсчээ. АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээллээр, өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 700 сая тонн зэс олборлосон бол нээсэн ордуудад нийт 2.1 тэрбум тонн зэсийн нөөц байна. Тэгвэл “Mining Intelligence” байгууллагаас дэлхийн зэсийн 10 том төслийн ордын нөөц, олборлолтын хэмжээгээр эрэмбэлсэн жагсаалтыг нийтэлжээ.

Kamoa-Kakula. Канадын “Айвенхоу Майнз” компани нь энэхүү төслийг Хятадын “Zijin Mining”-тай хамтран эзэмшиж байна. Алтны өндөр агууламжтай хүдрийн биетээс зэсийн олборлолтыг ирэх долдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж буй юм. Бүрэн хүчин чадлаар жилд 18 сая тонн хүдэр олборлосноор “Kamoa-Kakula” төсөл нь дэлхийн хоёр дахь том зэсийн орд болно гэж компани үзэж байна. Урьдчилсан тооцоогоор жилд 700 мянган тонн зэс үйлдвэрлэнэ.

Pebble. АНУ-ын Аляскийн нутаг дахь “Pebble” төсөл нь зэс-алт, молибдений орд юм. 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар АНУ-ын байгаль орчны байгууллагаас уг төсөлд ус ашиглалтын зөвшөөрлийг олгохоос татгалзжээ. Уг шийдвэрийг давж заалдахаар төсөл хэрэгжүүлэгч “Northern Dynasty Minerals” компани төлөвлөж байна. Эл ордын олборлолтын нөхцөл хүнд бөгөөд байгалийн онгон дагшин бүс нутагт оршдог онцлогтой.

Удокан. Забайкалийн хязгаар нутаг дахь энэхүү ордыг 1949 онд нээсэн байдаг. Ордыг ашиглахаар оросууд сүүлийн 15 жил бэлтгэж байгаа. Өнөөгийн байдлаар төслийн талбайд УБҮ-ийн барилгын ажил 40-45%-тай явагдаж байна. Үйлдвэрлэл 2022 онд эхлэх төлөвлөгөөтэй. Төслийн нийт өртөг 2.9 тэрбум ам.доллар юм. Төслийг хэрэгжүүлэгч “Байкалийн уулын компани” нь нэгдүгээр сард нэрээ өөрчилж “Удоканы зэс” компани болсон.

Reko Diq. Зэсээс гадна 41.5 сая унц алтны нөөцтэй эл ордыг 1990-ээд оны сүүлчээр “BHP” компани анх нээжээ. Ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг 2000 онд Пакистаны хамтарсан компани “Tethyan Copper”-д (“Antofagasta” болон “Barrick Gold” компаниудын 50-50%-ийн эзэмшилтэй)худалдсан байна.  Тухайн үед төслийн нийт хөрөнгө оруулалт 3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байжээ. Хамтарсан компани ордын олборлолтыг эхлүүлсэн боловч төслийг хэрэгжүүлэх хугацаа урт, тооцоолол буруу гэсэн үндэслэлээр 2011 онд орон нутгийн Засаг захиргаа гомдол үүсгэснээр талууд арбитрын шүүхэд хандахад хүрсэн юм. Арбитрын шүүхээс 2019 онд Пакистаны төр засаг буруутай гэсэн шийдвэрийг гаргажээ.

Tampakan. Филиппиний Минданао арал дээр орших тус ордыг ашиглах төслийг “Sagittarius” компани нь “Glencore”-ын оролцоотой хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар тус улсаас холбогдох тусгай зөвшөөрлийг хүлээж байгаа аж. Хэрэв тусгай зөвшөөрлийг олгосон тохиолдолд 17 жилийн хугацаанд жилд 375 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэхүү төслийн 62.5%-ийг “Xstrata Copper” компани 2007 онд худалдан авсан бөгөөд өөрийн охин компани “Sagittarius”-аар дамжуулан эзэмшдэг.

Э.Од