Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн ханш 2012 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв

Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, даваа гаригт (2021.02.15) Лондоны металын бирж дээр зэсийн үнэ тонн тутамдаа 8416 ам.доллартай тэнцсэн байна. Тэгвэл 2012 оны хамгийн дээд ханш нь 8655 ам.доллар/тонн-оор тэмдэглэгджээ. Энэ янзаараа зэсийн ханш 2012 оны дээд ханшийн үзүүлэлтийг давахад ойрхон байна.

2021 он гарснаас хойш зэсийн ханш 8.8%-иар өслөө. Нэгдүгээр сарын эхээр Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 8000 ам.доллар давж байсан бол сарын сүүлчээр 8000 ам.долларын босгоос доошилсон юм. Гэвч хоёрдугаар сар гарсаар өсөлтөө хадгалж эхэллээ.

Зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй гэсэн шинжээчдийн таамгаас гадна зэсийн хамгийн том хэрэглэгч улс Хятадад шинэ үйлдвэрүүд нээгдэх гэж буй талаарх мэдээллүүд зэсийн ханш ийнхүү өсөхөд нөлөөллөө.

Оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ гэж “Citi” банк таамагласан бол энэ онд дэлхийн зэсийн эрэлт 6%-иар өснө гэж судалгааны “BoA Securities” байгууллага үзсэн байна. 2021 онд зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэл байсаар байгааг “Bank of America” онцолжээ.

Э.Од