Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: 2020 онд уул уурхайн салбар 9.4%-иар буурав

Үндэсний статистикийн хороо 2020 онд манай улсын ДНБ-ий хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 37 их наяд төгрөгтэй тэнцэж, 2019 оныхоос 5.3%-иар буурсан тухай мэдээллээ.

Энэ дундаа уул уурхайн салбарын үзүүлэлт 2020 онд 9.4%-иар буурсан байна. Үүнд нүүрс, газрын тосны олборлолт буурсан нь голлон нөлөөлсөн аж. Мөн аж үйлдвэр/барилгын салбар -1.1%, үйлчилгээний салбар -7.1%-иар тус тус буурчээ. Аж үйлдвэр/барилгын салбарын бууралтад хэдийгээр хүнсний үйлдвэрлэл өссөн ч нэхмэл бүтээгдэхүүний салбарын үйлдвэрлэл багассан нь голлон нөлөөлсөн байна. Үйлчилгээний салбар мэдэгдэхүйц буурсан нь тээвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ хумигдсантай холбоотой.

Харин хөдөө аж ахуйн салбар 6.2%-ийн өсөлттэй гарчээ. Хөдөө аж ахуйн салбар өсөлттэй гарахад малын ашиг шимийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 5.9%-иар нэмэгдсэн нь түлхэц болсныг ҮСХ онцоллоо.

Манай улсын ДНБ-ийн хэмжээ 2018 онд 7.2%, 2019 онд 5.2%-иар тус тус өсч байсан бол 2020 онд цар тахлын улмаас ийнхүү багагүй бууралттай гарлаа.

Америк доллараар илэрхийлэгдэх үзүүлэлтээр 2019 онд манай улсын ДНБ 13.6 тэрбум ам.доллартай тэнцэж байсан тухай Үндэсний статистикийн хороо өнгөрсөн оны эхээр мэдээлж байсан.  Хэдийгээр энэ удаад Үндэсний статистикийн хороо ам.доллараар илэрхийлэгдэх дүнг танилцуулаагүй ч 2020 онд манай улсын эдийн засаг 13.2 тэрбум ам.доллар болж буурах тухай таамгийг “Trading Economics судалгааны байгууллага өмнө нь дэвшүүлсэн юм.

Б.Төгс