Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.02.17) "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталлаа. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкин дахь 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьжээ.
Цар тахлын улмаас 2019 онд 5.2%-ийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 6 орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байна.
Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хүрээнд, 2021 оныг дуустал цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжихээр болж байна. Эхний ээлжийн вакциныг (2021.02.22) Монгол Улсад авчирахаар төлөвлөжээ.
Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан жилийн 3%-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай нийт 2 их наяд төгрөгийн зээл олгоно. Мөн стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2 их наяд төгрөг зарцуулах аж.
Эх сурвалж: Засгийн газар