Оны нэгдүгээр улиралд Мөнгөний бодлогын хорооноос 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу (2021.02.22) Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн банк, Богд, Капитрон болон Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.
Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн (2021.02.19) А-58 дугаар тушаалаар батлагдсан шалгуурын дагуу, цаашид арилжаан банкууд Монголбанкнаас авсан санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэд болон уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулдаг экспортлогч аж ахуй нэгжүүдэд 3 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 10.5%-ийн хүүтэй зээлийг шинээр олгох болон өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлнэ гэж Төв банк мэдээллээ.
Эх сурвалж: Монголбанк