Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Зэсийн Быстринский төсөлд Орос, Хятадын компаниуд опцион гэрээ байгуулав

Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр,  опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. 

Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.

ОХУ-ын Забайкалийн хязгаар нутаг дахь зэсийн Быстринский орд нь 2.3 сая тонн зэс, 9.5 тонн алт, 34.1 тонн мөнгө, 73.5 сая тонн төмрийн нөөцтэй. Ордод түшиглэн байгуулсан баяжуулах үйлдвэр нь жилд 10 сая тонн хүдэр боловсруулж 260 мянган тонн зэс, 2.9 сая тонн төмөр болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал боловсруулах хүчин чадалтай. 2019 онд үйлдвэр бүрэн хүчин чадалдаа хүрсэн. 2020 оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлтээр, зэсийн гарц 44%-иар нэмэгдэж 62.6 мянга, алт 241 мянган унц, төмрийнх 56%-иар өсөж 2 сая тоннд хүрчээ.    

Быстринский төслийг 90 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд баяжуулах үйлдвэрт 74.3 тэрбум, 220 МВт эрчим хүч дамжуулах 234 км цахилгаан шугам суурилуулахад 7.52 тэрбум, 375 км төмөр зам тавихад 7.2 тэрбум рублийг зарцуулсан байна. Төмөр замын бүтээн байгуулалтад Оросын Засгийн газраас 20.5 тэрбум рублийн хөрөнгө оруулсан аж. 

Оросын Чита хотоос 500 орчим км зайд, Хятадын хилээс 80 км зайд байршиж буй Быстринский төслийн баяжуулах үйлдвэр нь 1990 оноос хойш Орост ашиглалтад орсон зэсийн хоёр дахь үйлдвэрт тооцогдож байна. 

Э.Од