Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.
Харин хөнгөн цагааны борлуулалтаас нийтдээ 9.3 тэрбум ам.доллар олсон (2019 онд уг үзүүлэлт $10.3 тэрбум) бөгөөд тайлант хугацаанд 56.1 сая тонн бокситын хүдэр, 3.2 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ.
Тус компанийн Зэс, очир эрдэнийн группын борлуулалтын орлого нийтдээ 5.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны 5.8 тэрбум ам.долларын үзүүлэлтээс буурсан байна. Зэсийн уурхайнуудын олборлолтыг тус компанийн хувь эзэмшлийн дүнгээр авч үзвэл өнгөрсөн онд гарц 528 мянган тоннд хүрчээ. Уг үзүүлэлт 2019 оны дүнгээр 577 мянган тонн байсан юм.
Эрчим хүч-Эрдэс-ийн группын борлуулалтын орлого өнгөрсөн онд 5 тэрбум долларт хүрсэн нь 2019 оны дүн (5.2 тэрбум ам.доллар)-гээс бууралттай гарлаа. “Рио Тинто”-гийн Эрчим хүч-Эрдэс-ийн группийн хэмжээнд өнгөрсөн онд 1.12 сая тонн титаны давхар ислийн шаар, 10.4 сая тонн төмрийн хүдрийн ган бөмбөлөг, баяжмал үйлдвэрлэжээ.
Компанийн хэмжээнд өнгөрсөн онд 9.8 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Харин хөрөнгө оруулалтын зардалд нийтдээ 6.2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Мөн компанийн хэмжээнд 2019 онд цэвэр өр 3.7 тэрбум ам.доллар байсныг 2020 онд 0.7 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. Ингэснээр компанийн хэмжээнд нийт нэгж хувьцаанд ногдох ашиг 557 цент, бүтэн жилийн ногдол ашиг төлөлтийн харьцаа 72%, нэгж хувьцаанд ногдох тусгай ашиг 93 цент байхаар компанийн ТУЗ баталсан байна.
Оюутолгой төсөлтэй холбоотойгоор, “Рио Тинто”-гийн 2020 оны тайланд “2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-д Оюутолгойн гүний уурхайн төслийн нарийвчилсан тооцооллын үр дүн болон хувьцаа эзэмшигчид хоорондын эдийн засгийн үр ашгийг хуваалцахад гарсан санхүүжилтийн урьдач нөхцөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Бид нарийвчилсан тооцоололтой холбоотойгоор Монгол Улсын засгийн газартай харилцаж байгаа. Бид шийдэгдээгүй бүх асуудлыг шийдвэрлэх, төслийн оролцогч талуудын хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй яриа, хэлэлцээ өрнүүлж байна” гэж өгүүлжээ.
“Рио Тинто” нь АНУ, Чили, Монгол зэрэг улсад зэсийн ашиглалт явуулж буй уурхайд хувь эзэмшдэг. АНУ-ын Кеннекотт болон Чилийн Эскондида уурхайн хүдрийн агуулгын хэмжээ буурч байгаа бол Оюутолгой төслийн хувьд агуулга ихтэй далд уурхайгаа ашиглалтад оруулах хугацаа 2022 оны аравдугаар сард тохиохоор байна.
Оюутолгойн гүний уурхайн төслийн блокчлон олборлох ажлыг 2021 онд эхлүүлэхийн тулд нэмэлт хугацааг тогтоон, тодорхой ажлыг гүйцэтгэх шаардлага байгааг судлан үзэж буйг “Рио Тинто” тэмдэглэжээ. Үүнд Засгийн газраас олгох зөвшөөрлүүд, тэр дундаа 2020 оны хоёрдугаар сард хүргүүлсэн Нөөцийн тайлангийн тодотголыг бүртгүүлэх, 2020 оны долдугаар сард 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль журмуудын дагуу боловсруулан хүргүүлсэн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авах, 2020 оны есдүгээр сарын Харилцан ойлголцлын санамж бичгээр “Туркойз Хилл Ресурсэс” компанитай зөвшилцсөн санхүүжилт болон 2020 оны зургадугаар сард Монгол Улсын Засгийн газартай хэлэлцэн зөвшөөрсөн эрчим хүчний хангамжийн асуудлууд зэрэг багтаж байна.
Б.Төгс