“Степ голд” компанийн эзэмшлийн Алтан цагаан овоо алтны ордын нөөц 1.22 саяас 2.45 сая унц болж хоёр дахин өссөн байна. Уг нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны хоёрдугаар улиралд ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулна. Анхдагч хүдрийн нөөц нэмэгдсэнээр төслийн үргэлжлэх хугацааг уртасгаж жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
Мөн геологийн нөөц тооцсон алтны дундаж агуулга 1.67гр/тн болж өсчээ. Олборлолтын үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа Алтан цагаан овоо ордын Хоолой-4 талбайд баттай болон бодит зэргээр 15.68 сая тонн хүдэрт 1.62 гр/тн дундаж агуулга бүхий 819 мянган унц алтны геологийн нөөцийг тооцоолсон байна.
Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа “Компанийн 100% эзэмшилд байдаг Алтан цагаан овоо төслийн үйлдвэрлэлийг 2020 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Уг төсөл нь 600 ам.доллар/унцаас бага зардалтай буюу олборлолтын өртөг багатай төсөл юм. Олборлолтын үед авсан хүдэр хяналтын дээжийн үр дүнгээр хүдрийн агуулга тогтмол өндөр үзүүлэлттэй байна” хэмээн мэдэгдэв.
Б.Номин