ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин (2021.03.02) нүүрсний салбарын асуудлаар цахим хурал хийжээ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэ төмөр замын төслийг РЖД компани хэрэгжүүлэхийг дэмжсэн байна. Тодруулбал, Якутын бүс нутгаас Алс Дорнодын далайн боомт хүртэлх 1000 гаруй км үргэлжлэх “Тында-Комсомольск-Ванино” чиглэлд төмөр зам барих төсөл юм. Уг төмөр зам нь Якутын ордуудаас нүүрсийг Хятад руу экспортлох гол дэд бүтэц болох аж. Шаардлагатай тохиолдолд шинэ төмөр замын төслийн санхүүжилтийг ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас гаргах боломж буйг Ерөнхийлөгч Путин мэдэгдэлдээ дурджээ.
“РЖД” компанийн мэдээлснээр, төмөр замын өнөөгийн ачаалал, хүчин чадал дутмаг байдлаас Зүүн Сибирийн ордуудын 56 сая тонн нүүрс “орхигдож” байна. 2020 онд Орос 445 сая тонн нүүрс олборлож өмнөх оныхоос 9%-иар буурчээ. Өнгөрсөн жил нийт 199 тонн нүүрс экспортолсноос 122 сая тонныг Ази-Номхон далайн зах зээлд нийлүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд тус улсын нүүрсний экспорт нэмэгдэж байгаа ч дэд бүтэц, тэр дундаа төмөр замын хүчин чадал хүрэлцэхгүй болсноос ачааллаа дийлэхгүй хүрсэн.
2040 он гэхэд Азийн орнуудын нүүрсний хэрэглээ 400 сая тонн хүрнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний яам таамаглаж байна. Үүнийг 100 сая тонныг Орос хангахын тулд дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатайг Эрчим хүчний сайд Новак илэрхийлжээ.
ОХУ нь нүүрсний салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн хөтөлбөрийг баталсан бөгөөд тус хөтөлбөрт 6 их наяд рубль зарцуулна. Санхүүжилтийн дийлэнх хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар татахаар төлөвлөсөн юм.
Э.Од