“Эрдэнэс Тавантолгой” ХК нь (2021.03.10)хэвлэлийн хурлаар “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай үүссэн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийж, мөн “А6-20” бизнес төлөвлөгөөгөө танилцууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2020 оны эцсийн дүнгээр манай компани 13.1 сая тонн нүүрс олборлож, 11.9 сая тонныг борлуулж, 1.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлж, 161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 161 тэрбум төгрөгөөс 1072 ширхэг хувьцаатай иргэдэд ногдол ашиг хуваарилбал нэг иргэнд 12 мянган төгрөг ногдох тооцоо гарч байна” гэв.
2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэрийг хоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компани гаргасан юм. Тэгвэл удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх аж.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (2021.03.09) хуралдаж ойрын жилүүдэд компанийг хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөнд, 2025 он хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компани нь Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, усан хангамж зэрэг томоохон 20 төсөл хэрэгжүүлснээр компани үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрэх, борлуулалтын орлого 10 их наяд төгрөг, цэвэр ашиг 3.7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилахаар тооцсон байна.
Түүнчлэн, тус компани бонд гаргаж, хөрөнгө босгох болсоноо (2021.03.05)мэдэгдсэн билээ. Нийт 2 их наяд төгрөгийн бонд гаргахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 800 орчим тэрбум төгрөгийн бонд худалдахаар холбогдох бичиг баримтыг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүлээлгэн өгчээ.
Тавантолгой ордын Цанхийн Зүүн уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээ энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан байна. 2015 онд байгуулсан энэхүү гэрээнд заасны дагуу 2019 онд хоёр жилээр автоматаар сунгажээ. Гэрээний уг хугацаа энэ жил дуусч, туслан гүйцэтгэгч компанийг шинээр сонгон шалгаруулахаар болсон юм. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээнд хатуу заасан үнийн дүн дотоодын олборлогч компаниудаас өндөр байж ирсэн бөгөөд тус компани 990 тэрбум төгрөгийн илүү ашиг олсон нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн “алдагдсан боломж” гэж үзэж, гэрээг цуцлах, гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах асуудлыг компанийн зүгээс хөндөж байснаа “Эрдэнэс Тавантолгой” компани мэдэгдэж байна.
Б.Номин