Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Элга ордын төслийн 5%-ийг төрийн “Ростех” корпораци эзэмшив

ОХУ-ын Элга ордын цогцолбор төслийн 5%-ийг “Ростех” корпораци эзэмших гэрээг “А Проперти” компанитай байгуулжээ. Энэхүү хувь эзэмшлийг төрийн корпораци ямар үнээр худалдан авч буй тухай мэдээлэхээс талууд татгалзсан байна.  

Өнгөрсөн онд “А Проперти” компани нь ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр худалдан авахын зэрэгцээ өмнөх эзэмшигч “Мечел” компанийн 53 тэрбум рублийн “Внешэконом” банкны өрийг барагдуулсан. Мөн ордын үлдсэн 49%-ийн эзэмшлийг 45 тэрбум рублиэр Газпромбанкнаас худалдан авах опцион гэрээг үзэглэсэн. Өөрөөр хэлбэл, Якут дахь коксжих нүүрсний 2 тэрбум тонн нөөцтэй Элга ордын 100%-ийг “А Проперти” компани эзэмшиж байгаа юм.

Элга ордын цогцолбор төсөлд Баяжуулах үйлдвэр байгуулах, ордоос Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлууд багтаж байна. 

Тэгвэл төрийн “Ростех” корпорацийн хувьд хүрэн нүүрсний Огоджины орд, Алс Дорнод дахь Вера боомтын 25%-ийг тус тус эзэмшдэг. 

Өнөөгийн байдлаар Элгагийн коксжих нүүрс, Огоджины хүрэн нүүрсийг Ванино болон Владивостокын боомтоор экспортолж байгаа юм. 

Эдгээр төслийн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн нэг дэд бүтцэд төвлөрүүлэхээр хоёр компани төлөвлөжээ. 

2020 онд Элга ордоос 7 сая тонн коксжих нүүрс олборлосон бол энэ жил олборлолтын хэмжээг 2.5 дахин нэмэгдүүлнэ. 2023 он гэхэд 45 сая тонн нүүрс олборлох зорилттой. Тухайн үед Огоджины ордын нүүрсний олборлолтын хэмжээг 10 сая тоннд хүргэх аж. 

Оросын төрийн “Ростех” корпораци нь шинжлэх ухаан болоод аж үйлдвэрлэлийн 800 гаруй охин компанитай. Ашигт малтмалын төслүүдэд түшиглэн нисэх онгоцны үйлдвэрлэл, анагаах ухааны технологи, инновацийг хөгжүүлж, өндөр технологийн бүтээгдэхүүний экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. 

Э.Од