Оны эхний хоёр сарын байдлаар, Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.26 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гадаад худалдааны уг үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 736.1 сая ам.доллар буюу 48.4%-иар дээшилжээ. Энэ дотроо экспорт 1.33 тэрбум ам.доллар, импорт 922.3 сая ам.долларт хүрсэн байна. Тодруулбал экспорт 73.2%-иар, импорт 23%-иар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 412.3 сая ам.долларын ашигтай гарчээ.
Экспорт, импортын үзүүлэлт /мян.ам.доллар/
Эх сурвалж: ГЕГ
Нийт экспортын 85.5%-ийг нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын тос, цайр, жоншны борлуулалт бүрдүүлэв.
Эхний хоёр сарын байдлаар, нүүрсний экспорт биет жингээр 4.53 сая тонн, мөнгөн дүнгээр 447 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингээр 62.8%, орлогын дүнгээр 95.3%-иар өссөнийг илтгэнэ. Сарын дүнгээр авч үзвэл, манай улс өнгөрсөн хоёрдугаар сард 2 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх нэгдүгээр сарынхаас 19%-иар буурсан ч, жилийн өмнөхөөс бараг зургаа дахин өсчээ. Учир нь өмнөх оны хоёрдугаар сард хил хаасантай холбоотойгоор нүүрсний экспортын гол боомтуудын нэвтрэлт зогссон.
Зэсийн баяжмалын экспорт оны эхний хоёр сард 226 мянган тонн буюу 437 сая ам.долларт хүрлээ. Энэ нь жингээр 17.5%, мөнгөн дүнгээр даруй 99.4%-иар өссөн дүн юм. Үүнд зэсийн ханшийн өсөлт болон Оюутолгойн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж буй нь голлон нөлөөлж байна.
Төмрийн хүдрийн экспорт орлогын дүнгээр эрдсийн борлуулалтад гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Хэдийгээр төмрийн хүдрийн борлуулалт биет жингээр буурсан ч, борлуулалт 50 орчим хувиар өсчээ. Төмрийн хүдрийн ханш зах зээлд өсөлтөө хадгалсаар байгаа юм.
Газрын тосны экспорт хамгийн өсөлттэй байна. Оны эхний хоёр сарын байдлаар манай улс нийтдээ 955 мянган баррель тос худалдаалж 50 сая ам.доллар олсон нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 232%, орлогын дүнгээр 200%-иар өсчээ. Брэнт маркийн газрын тосны ханш өсөлттэй байгаа бөгөөд (2021.03.05) баррель нь 69.7 ам.долларт хүрч 2019 оны тавдугаар сараас хойших хамгийн дээд хэмжээнд хүрсэн юм.
Бусад эрсдийн тухайд жонш, тунгаасан зэсийн экспортын орлого өсөлттэй гарсан бол цайр, алт, молибденийнх буурчээ.
Б.Төгс