Роберт Фрийдландын үүсгэн байгуулсан Канадын “High Power Exploration” компани 200 сая ам.долларын санхүүжилт хөрөнгө оруулагчдаас татах болсноо мэдэгджээ. Энэхүү санхүүжилтийг Гвиней улс дахь төмрийн хүдрийн “Нимба” ордын төслийг хэрэгжүүлж эхлэхэд зарцуулах аж.
“Нимба” орд нь сайн чанарын төмрийн хүдрийн 1 тэрбум тонн нөөцтэй. Ордыг эзэмших эрхийг “High Power Exploration” компани 2019 онд авсан байна. Тус компани “Нимба” төслийн 85%-ийг эзэмшдэг бол үлдсэн 15% нь Гвиней улсын Засгийн газрын мэдэлд буй.
2025-2026 онд ордын төмрийн хүдрийн олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд, жилд 15 сая тонн хүдэр олборлох бөгөөд 30 сая тонн хүртэл хүчин чадлыг нэмэгдүүлэх аж.
Компанийг улс төрийн эрсдэлээс хамгаалах даатгалыг Дэлхийн банкны группын гишүүн Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг (MIGA) хийжээ.
Гэхдээ “Нимба” төслийг хэрэгжүүлэх асуудал одоогоор байгаль орчныг хамгаалах байгууллагуудын шийдвэрээс шалтгаалж байна. Учир нь уг орд орших Нимба уул нь байгалийн тусгай хамгаалалтын бүсэд хамаарч байсан бөгөөд 1993 онд хасчээ. Ямартай ч “Нимба” ордыг ашиглахад байгаль орчинтой холбоотой эцсийн шийдвэрийг Дэлхийн өвийн хорооноос (World Heritage Committee) гаргах юм.
Дашрамд дурдахад, “Нимба” орд нь Гвиней улсын төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордын ойролцоо оршдог. “Симандоу” ордын I,II талбайг ашиглах эрхийг Гвинейн “SMB-Winning”, Австралийн “Fortescue” компани авсан бол II, IV талбайг Австралийн “Рио Тинто” групп (45.05%), Хятадын “Чайналко” компани (39.95%) тус тус эзэмшиж байна.
Э.Од