Б.Төгс
Цар тахлын хүнд нөхцөлд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” монголчуудыг хэсэгтээ амсхийлгэх боломжийг олгож байна. Гэхдээ бид “Эрдэнэс Монгол” гэх “их айл”-ыг мартаж болохгүй. Төр 100%-ийн эзэмшилтэй тус компани нь үйл ажиллагааны цар хүрээгээ дан ганц стратегийн гэлтгүй стратегийн бус ордууд эзэмших замаар тэлж байна. Үр дүнд нь ахмадуудын зээлийг тэглэх, зээлгүй ахмадад “хишиг” олгох, цар тахлаас үүдсэн эдийн засгийн уналтаас мултрахад шаардлагатай зарим санхүүжилтийг орд барьцаалан бонд босгох замаар шийдвэрлэхээр компани хөдөлж байна.
Ийнхүү цар тахлын нөхцөл байдалтай зэрэгцэн төрийн өмчит уул уурхайн компаниуд ердийн үеийнхээс хавьгүй илүү “тодрон гялалзаж” байна. Цаашид ч манай улс уул уурхайн салбарт төрийн өмчит компаниудын үүрэг оролцоог улам бүр нэмэгдүүлэх хандлагатай байна. Энэ нь үнэхээр зөв үү? Хариулт нь засаглал ямар байхаас бүх зүйл хамаарна.
Уул уурхай бол эрсдэлтэй, хөрөнгө оруулалт ихээр шаарддаг бизнес. Аливаа төсөлд төр орсон эсэхээс үл хамааран үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт, ур чадвар шаардлагатай болдог. Гол асуулт гэвэл тухайн төслүүд үр ашигтай ажиллах эсэх тухай ойлголт юм. Үр ашигтай гэдэг нь урт хугацааны өсөлтийг баталгаажуулах явдал. Чухам үүний тулд “Эрдэнэс Монгол” баялгийн сан болохоор зорьж ажиллаж байгаа болов уу.
“Эрдэнэс Монгол” компанийн 2019-2023 оны стратегид “Эрх зүйн чадамжтай, корпорацийн зохион байгуулалт бүхий, нээлттэй, ил тод, хариуцлагатай компани болон төлөвшүүлэхээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг холбогдох хууль тогтоомж, компанийн дунд хугацааны стратегитэй нийцүүлэн шинэчлэн батлах, Баялгийн сан хэлбэрээр үйл ажиллагаагаа өөрчлөн зохион байгуулна” гэж тусчээ.
Эндээс нээлттэй/ил тод, баялгийн сангийн хэлбэрээр ажиллах гэсэн санаа нь хамгийн их анхаарал татна.
“Эрдэнэс Монгол”-ыг 2007 онд Монгол Улсын стратегийн ашигт малтмалын орд газрыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан. Эдүгээ тус компани нь зэс, нүүрс, уран, байгалийн хий, үнэт метал, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны сүүлийн байдлаар “Эрдэнэс Монгол” компани нийт 13 охин/хараат компани болон гурван төслийн нэгжтэйгээр ажиллаж байна. Компанийн мэдээлж буйгаар, (2020 оны сүүлийн байдлаар) Оюутолгой төслийг оролцуулаад нийт 4850 гаруй ажилтан “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажилладаг.
Тус нэгдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь Монголын уул уурхайн экспорт, төвийн бүсийн эрчим хүчний хангамжид онцгой чухал үүрэг гүйцэтгэж байна. “Багануур”, “Шивээ Овоо” зэрэг компани нь дотоодын эрчим хүчний хэрэгцээнд жилд 6-7 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлдэг. 65.2%-ийн эзэмшлийн охин компани “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын коксжих нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч юм. “Эрдэнэс Оюутолгой” компанийн 34%-ийн эзэмшлийн Оюутолгой нь жилдээ 600-700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортолж байна.
“Эрдэнэс Монгол” нь Багануур, Шивээ-Овоо, Асгат зэрэг стратегийн гурван орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Мөн охин болон хараат компаниудаар дамжуулан стратегийн таван ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн стратегийн бус ордууд болох Салхитын мөнгөний ордоос гадна шинээр Довжоот хяр, Халзан, Хүрэн цав, Мухар хар толгой, Овоот хяр, Өлзийт овоо зэрэг алтны ордуудыг Засгийн газрын тогтоолоор 2020 онд “Эрдэнэс Монгол” нэгдэлд эзэмшүүлжээ. Хамгийн ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах нь 54 тонн алтны нөөцтэй Овоот хяр, 34.5 тонн алтны нөөцтэй Хүрэн цавын ордууд байна.
“Эрдэнэс Монгол” компани төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгийг төвлөрүүлэх чиг үүрэгтэйг Үндэсний аудитын газрын тайланд тэмдэглэсэн байдаг. Анх удаагаа ногдол ашиг хуваарилах тухай “Эрдэнэс Монгол” компани хоёрдугаар сарын эхээр мэдээлсэн.
Компанийн албан мэдээнд “2007 онд байгуулагдсан цагаас хойш анх удаа “Эрдэнэс Монгол” нэгдэл 100 сая ширхэг хувьцаанд 2 тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүллээ. Өнгөрсөн 2019 онд компани нийт 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна” гэж өгүүлжээ.
Компани анх удаагаа ногдол ашиг хуваарилж буй нь тэмдэглэхүйц үйл явдал ч хэмжээний хувьд чамлалттай үзүүлэлт. Гэхдээ уг чамлалттай хэмжээ стратегийн бус үнэт металын ордуудын үйл ажиллагаагаар дамжин нэмэгдэх төлөв харагдаж байна.
Монгол Улсын уул уурхай, эдийн засагт гүйцэтгэх компанийн үүрэг нөлөө их байхын хэрээр ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тавигдана. “Эрдэнэс Монгол” нь өөрийн компанийн болон нэгдлийн хэмжээний үйл ажиллагааны тайлангаа илүү нээлттэй мэдээлэх шаардлагатай. Шилэн дансны тухай хуулийн хүрээнд зарим гүйлгээний мэдээллээ дэлгэх болсон нь сайшаалтай ч төсөв, бонд болон бусад шаардлагатай мэдээллийг хуулийн хугацаанд оруулдаг болох ажил хүлээгдэнэ.
Тус компани стратегийн орд төдийгүй стратегийн бус бусад томоохон орд газрыг эзэмшиж буй нь ирээдүйд олох ашгийг нэмэгдүүлж болох авч төдий хэмжээний эрсдэл үүрч байгаа хэрэг юм. Компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа сөрөг асуудал үүсвэл тэр нь улсын төсөвт шууд дарамт болно. Ил тод, нээлттэй байх нь үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх суурь алхам юм. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд мэдээллийн ил тод, нээлттэй байдлаараа толгой компаниасаа хавьгүй илүү байгаа төдийгүй салбартаа үлгэр жишээ болохуйц түвшинд байна.
Эндээс харахад 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт орлогын 93.6%-ийг замын хураамжийн орлого, харин нийт зарлагын талаас илүү хувийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын зардал эзэлжээ. Ерөнхийдөө нүүрсний автозамын хариуцагчаар ажиллах болсон нь “Эрдэнэс Монгол”-ын хувьд оносон боловч төмөр зам ашиглалтад орохтой зэрэгцээд замын хураамжаас олох орлого хумигдаж болзошгүй.
Нөгөөтэйгүүр компанийн өрийн хэмжээ багагүй дүнгээр илэрхийлэгдэнэ. 2019 оны байдлаар нэгдлийн хэмжээнд 241.2 тэрбум төгрөгийн урт хугацаат өр төлбөр, богино хугацааны 25 орчим тэрбум төгрөгийн зээлтэй гэсэн тоо баримт Үндэсний аудитын газрын тайланд тэмдэглэгджээ. Урт хугацаат зээлд Хөгжлийн банкны 140 орчим тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны 24.5 орчим тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 76.8 тэрбум төгрөгийн зээл тус тус багтсан байна.
Мэдээж “Эрдэнэс Монгол” орлоготой ажиллаж байгаа нь сайн хэрэг. Харин орлогын тухайд эх үүсвэр нь хэтэрхий цөөн байгааг Үндэсний аудитын газар шүүмжилдэг.
Гэхдээ аливаа асуудалд тэнцвэртэй байр сууринаас хандах хэрэгтэй. Уул уурхайн төсөлд үндэсний компаниуд давамгайлах нь оновчтойг Японы жишээ харуулдаг. Орчин үед Япон улсад уул уурхай гэх зүйл бараг байхгүй ч өнгөрсөн VII зуунаас уул уурхайг хөгжүүлж эхэлсэн түүхтэй. Нүүрс, зэс, алт, мөнгөний уурхайн олборлолт тус улсад голлож байсан. Уурхайн компаниуд хөгжсөөр аажимдаа аж үйлдвэр, өндөр технологи, худалдааны компаниуд болон өргөжсөн нь өнөөгийн Hitachi, Mitsui, Mitsubishi гээд корпораци төрөн гарсан тухай Японы ЖАЙКА байгууллагын уул уурхайн салбарын Ахлах зөвлөх Хосой Ёшитака “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гээс өнгөрсөн онд зохион байгуулсан хурлаар ярьсан удаатай. Тэрбээр, уул уурхайн салбарын хөгжилд эхний үед гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд чухал ч аажимдаа үндэсний компаниуд өөрсдийн хүчээр салбарыг авч явах нь зүйтэйг тодотгосон. Тогтвортой өсөлтөд дотоодын компаниудын оролцоо чухал. Иймд Засгийн газар дотоодын компаниудаа дэмжих ёстой. Уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахыг чухалчилсан.
Гэхдээ үндэсний компани гэдэгт төрийн өмчийн компани багтахын тулд засаглалын хувьд ил тод, авлигаас ангид байж чаддагаа харуулах шаардлагатай.
Бид Чили, Норвеги, Сингапур гээд төрийн өмчит компаниуд хэрхэн сайн ажиллаж, баялгийн сан бүрдүүлж чадсаныг мэднэ. Гэхдээ гол нь тэдгээр улс оронд төрийн өмчийн компани ил тод, нээлттэй байгаад зогсохгүй улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулдаг.
Монголд богино хугацаанд бус, урт хугацааны өсөлт авчрах “Эрдэнэс Монгол” хэрэгтэй. Үүнд мэдээж хугацаа шаардана. Аливаа урт хугацааны өсөлт нь зөвхөн ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллагааг бүрдүүлсэн цагт л бүрэн утгаараа хэрэгжих боломжтой.