Оросын зэсийн Удоканы ордын төслийг хэрэгжүүлэгч “Удоканская медь” компанийн мэдээлснээр, үйлдвэрлэлийн хүдрийн анхдагч бутлуур болоод туузан дамжуургын барилгын ажил эхэлжээ. Эхний ээлжид хүдрийн анхдагч бутлуурын хэсгээс Баяжуулах үйлдвэрийн цогцолбор хүртэл нийт 2.8 км урт туузан дамжуурга (конвейер) угсарч байна. Туузан дамжуургын анхны тээвэрлэлтийг 2021 онд багтаан туршихаар төлөвлөжээ. Анхдагч бутлуурын тухайд цагт 2000 тонн хүдэр бутлах хүчин чадалтай.
Энэхүү орд нь цаг уурын болоод газрын тогтцын хүнд нөхцөлтэй учир үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд автомашин болон туузан дамжуургын хосолсон тээврийг ашиглана гэдгийг компанийн Ерөнхий захирал Герман Миронов мэдэгджээ. Түүний хэлснээр, Удоканы төсөл нь хүдрийг боловсруулахад гидрометаллурги- электролизийн технологийг ашиглах ОХУ-ын анхны зэсийн үйлдвэр болох аж.
Забайкалийн хязгаар нутаг дахь Удоканы ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил 2019 онд эхэлсэн юм. Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэл 2022 оны сүүлчээр эхлэх төлөвлөгөөтэй. Өнөөгийн байдлаар үйлдвэрийн цогцолборын барилгын ажил 50%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй. Удоканы үйлдвэрийн талбай БАМ-ын төмөр замын “Новая чара” өртөөнөөс 30 км зайд орших учир дэд бүтцийн хувьд давуу талтай гэж компани үздэг.
Нийт 2.9 тэрбум ам.долларын өртөгтэй Удоканы төсөл нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилсан тэргүүнд хөгжүүлэх газар нутгийн нэг (территория опережающего развития – ТОР) “Зайбайкаль” хөтөлбөрт туссан юм.
Төслийн хэрэгжүүлэгч “Удоканская медь” (өмнө нь "Байкальская горная компания”) компани нь Оросын тэрбумтан Алишер Усмановын эзэмшлийн “USM” холдингийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг.
Удоканы орд нь JORC стандартаар 26.7 сая тонн цэвэр зэсийн нөөцөөр Орост нэгдүгээрт, дэлхийд олборлогдоогүй гурав дахь том зэсийн ордод тооцогддог байна.
Э.Од