Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой (2021.03.18) цахим уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд, “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлсэн байна. Тодруулбал, Засгийн газрын ХЭГ-ын дарга байхдаа ”Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд (2021.01.04)илгээсэн албан бичигт дурдсан асуудлуудыг тус компанийн зүгээс цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Тэрээр, мөн Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлын зүгээс "Оюутолгой" төслийн хамтын ажиллагааны шинэ хуудас эхэлж байгааг тэмдэглэн, төслийг Монгол Улсад илүү үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгджээ.
Энэ удаагийн цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонго, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Болормаа, “Рио Тинто” компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Бизнес хөгжил эрхэлсэн захирал С.Мөнхсүх, “Рио Тинто Монголиа” ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал нар оролцсон байна.
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байхдаа Якоб Стаусхолм нь тухайн үеийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй цахим уулзалт (2020.12.18) хийж байсан билээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар