Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Moody’s: Төмөр зам ашиглалтад орсноор экспорт улам бүр сэргэнэ

Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгож сайжруулснаа зарлалаа (2021.03.16). Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлснийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна донор байгууллагуудын эх үүсвэрээр хамтран санхүүжүүлсэн нь Засгийн газрын дахин зээл авах хэрэгцээг бууруулсан  байна.

Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сард авч хэрэгжүүлсэн Засгийн газрын гадаад өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ нь 2021 онд төлөгдөх гадаад өрийн дарамтыг бууруулсан байна. Улмаар ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад 2022-2024 онд эргэн төлөгдөх нийт өр төлбөрийн дарамт бага байна. Moody’s-ийн төсөөллөөр Засгийн газрын нийт зээлийн хэрэгцээ 2021 онд ДНБ-ийн 13.6% болж өмнөх төсөөллөөс бууруулав.

Зээлийн эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь дахин зээл авах эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна. Төсвийн алдагдлыг 2021 онд буурч, ДНБ-ийн өсөлт бий болоход нөлөөлөх гол хүчин зүйл нь уул уурхайн салбарын орлогын өсөлт байх болно.

БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын экспортын орлого сэргэнэ гэж үзлээ. Ялангуяа Монгол Улсын нүүрсний экспорт 2020 оны хоёрдугаар хагаст сэргэсэн бол алт, зэсийн экспорт өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн Тавантолгойгоос БНХАУ-ын хил хүртэлх коксжих нүүрс тээвэрлэх төмөр замыг төлөвлөгөөний дагуу 2021 оны төгсгөлд ашиглалтад оруулснаар экспортын сэргэлт улам бүр нэмэгдэнэ гэж Moody’s агентлаг үзэв.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2020 оны эцэст 4.0 тэрбум ам.доллар байснаас 2021 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч өснө гэж тус агентлаг тооцоолсон байна.

 

Эх сурвалж: Монголбанк