Дэлхийн түүхий эдийн худалдааны томоохон байгууллага “Трафигура” нь зэсийн ханш ирэх арван жилд 15 мянган ам.доллар/тонн-д хүрнэ гэж тооцоолжээ. Сүүлийн нэг жилд өрнөсөн зэсийн ханшийн өсөлт нь цар тахлын дараах нийлүүлэлтийн саатал, Хятадын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байсан. Харин цаашид дэлхийн улс орнуудын ногоон шилжилттэй зэрэгцэн зэсийн эрэлт улам бүр өсөх тооцооллыг дэвшүүлж байна. Энэ үйл явц нь хомсдол гүнзгийрч болзошгүйг илтгэнэ. Энэ онд зэсийн ханш 10 мянган ам.долларыг босгыг давна гэсэн төсөөллийг “Трафигура” дэвшүүллээ. Харин урт хугацаандаа 12-15 мянган ам.долларт зэсийн ханш хэлбэлзэнэ гэж тооцоолж байна. Цөөнгүй банкууд энэ онд зэсийн ханш 10 мянган ам.доллар давах төлөвийг дэвшүүлж буй юм.
Зэс нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх технологийн үйлдвэрлэлд амин чухал үүрэгтэй “ногоон” металд тооцогдож байна.
“Трафигура”-ийн тооцоолсноор, хэрэв зэсийн уурхайнууд шинээр ашиглалтад орохгүй бол дэлхийд 10 сая тонн зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй байна. Энэ орон зайг нөхөхийн тулд дэлхийн хамгийн том зэсийн уурхай “Эскондида”-н хэмжээтэй 8 уурхайг ашиглалтад оруулах шаардлагатай ажээ. Тиймээс зэсийн уурхайг нэмж байгуулахад анхаарал хандуулахгүй аваас зэсийн ханш эрчимтэй өсч, хүлэмжийн хийн ялгаруулалтгүй эдийн засгийн шилжилтэд сорилт тулгарах эрсдэлтэй.
Гэхдээ зэс хэтэрхий үнэтэй болох тохиолдолд дахин боловсруулалт нэмэгдэхийн сацуу хөнгөн цагааны ашиглалт нэмэгдэх магадлалтай юм. Энэ нь болзошгүй хомсдлын нөлөөг бага зэрэг бууруулах боломжтой юм байна.
Зах зээлд зэсийн шинэ уурхайнууд болон одоо олзворлолт хийж буй ордуудын өргөтгөлийн төслүүдийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа юм. Ингэснээр нийлүүлэлт нэмэгдэх бүрэн боломжтой. Үүнд Индонез дэх “Grasberg” уурхайн өргөтгөл, БНАКонго улс дахь “Kamoa Kakula”, Перу дэх “Quellaveco” төслүүд ойрын хугацаанд ашиглалтад орох хүлээлттэй байна.
Ирэх арван жилд дэлхийн аж үйлдвэрийн хамгийн чухал металын нэг зэсийн ихээхэн хэмжээний хомсдол үүсэхийг CRU групп ч тогтоожээ. Тус групп 2030 он гэхэд ойролцоогоор 4.7 сая тонн зэсийн хомсдлыг хаахын тулд нэмэлтээр 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзжээ.
Бас нэг асуудал нь зэсийн ханш нэмэгдэж, эрэлт өсч буй ч шинэ төсөл ашиглалтад оруулах хүртэлх хугацаа нь 7-8 жилээр хэмжигдэх тухай Freeport McMoran-ийн удирдлага тайлбарлажээ.
Өчигдрийн байдлаар (2021.03.23) Лондоны металын бирж дээр тонн зэсийн үнэ 9013 ам.доллар/тонн-ын ханштай хаагдсан байна.
Б. Төгс