Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал (2021.03.24) болсон юм. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны нөхцөл, эрсдэлийг харгалзан үзэж санхүүгийн нөхцөлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор бодлогын хүүг 6%-д хадгалж, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Энэ санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ, 200-аас дээш ажилтантай худалдааны салбарын аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөв.
Жилийн инфляц 2021 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 2.6%, Улаанбаатар хотын хэмжээнд 2%-тай байна. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр байгааг Төв банк мэдээлэлдээ дурджээ. Суурь төсөөллөөр 2021 онд инфляц дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах хүлээлттэй байгаа хэдий ч КОВИД-19 тархалт, вакцинжуулалттай холбоотой өөрчлөгдөж болзошгүй байна.
Вакцинжуулалт амжилттай үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байгааг онцолжээ. Оны эхний хоёр сард экспорт 73%-иар, боловсруулах салбар нэгдүгээр сард 66% болон хоёрдугаар сард 37%-иар тус тус өссөн бана. Түүнчлэн, олон улсын зээлжих зэрэглэлийн “Moody’s” агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг сөргөөс тогтвортой болгож сайжруулсан. Үүнд гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ нэмэгдэж, богино хугацаат гадаад өрийн дарамт буурсны зэрэгцээ эдийн засгийн төлөв сайжрах хүлээлттэй байгаа нь нөлөөлжээ.
Монголбанкны зүгээс КОВИД-19 цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээ, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалж байна. Инфляц зорилтоос давах нөхцөл үүссэн тохиолдолд Мөнгөний бодлогын хороо бодлогын тохируулга хийх болно хэмээн Төв банк мэдээллээ.
Л.Номин