Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австрали нүүрсний экспортын төмөр замаа хэсэгчлэн нээж эхэлжээ

Австралийн “Rail Track” компанийн (2021.03.24) мэдэгдсэнээр, нүүрсний Хантер Валли сав газраас нүүрсний экспортын хамгийн том боомт Ньюкасл хүртэлх төмөр замыг хэсэгчлэн нээж байна. Шинэ Өмнөд Уэльс мужид долоо хоног үргэлжилсэн борооны улмаас нүүрсний экспортын гол төмөр замын хөдөлгөөнийг (2021.03.18) хаасан юм. Энэ нь сүүлийн 50 жилд тохиож буй хамгийн ширүүн бороо аж. 2020 онд уг төмөр замаар нийт 158 сая тонн нүүрс Ньюкасл боомт руу тээвэрлэжээ.

Гэрэл зураг: www.abc.net.au

Тухайн төмөр зам нь “BHP”, “Glencore”, “New Hope”, “Whitehaven Coal” болон “Yancoal Australia” зэрэг компаниудын түүхий эдийн экспортын тээврийг хангадаг.

Борооны улмаас Ньюкасл боомтын экспортын үйл ажиллагаа түр зогсоод байсан бол өнгөрсөн лхагва гаригаас хэвийн үргэлжилж байгааг мэдэгджээ. Энэ боомтоор экспортолж байгаа Австралийн нүүрс Азийн зах зээл, тэр дундаа Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг рүү нийлүүлэгддэг байна.

Австрали, Хятадын хоорондын худалдааны маргаантай холбоотойгоор коксжих, эрчим хүчний нүүрсний хамгийн том хэрэглэгч улс нь Австралийн нүүрсэнд импортын хориг тавьсан билээ. Хятадын хориг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм. Үүний үр дүнд Азийн зах зээл дэх нүүрсний худалдааны урсгал өөрчлөгдөн Австралийн нүүрсний экспорт Энэтхэг рүү нэмэгдэж, харин Хятад улс Индонезийн нүүрсийг түлхүү импортолж байна.

Энэтхэгийн тухайд Хятадын дараа ордог буюу нүүрсний хоёр дахь том худалдан авагч орон юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Энэтхэгийн Австралиас импортлох нүүрсний хэмжээ сарын дүнгээр 5 сая тонноор нэмэгдсэн аж. Энэ оны нэгдүгээр сард 6.8 сая тонн, хоёрдугаар сард 6.13 сая тонн нүүрс Австралиас тус тус импортолжээ. Гуравдугаар сард Энэтхэг улс 6.7 сая тонн нүүрс Австралиас импортлох төлөвтэй.

Э.Од