Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 6.8%-иар өсөх төлөвтэй

Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн шинэчилсэн тайланг (2021.03.26) танилцууллаа. Тус тайланд бүс нутгийн эдийн засаг болон БНХАУ, Монгол Улс, Вьетнам зэрэг улс орны өсөлтийн төлөв, цар тахлын нөлөө, голлох эрсдэлүүд багтсан байна.

Эх сурвалж: Дэлхийн банк

2020 онд Хятад, Вьетнам улсын эдийн засаг V хэлбэрээр сэргэж КОВИД-19-ийн өмнөх түвшинг давжээ. Бусад томоохон эдийн засагтай улс орнуудад эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшнээс дунджаар 5 орчим хувиар доогуур хэвээр байна. Энэхүү зөрүү нь Индонез улсын хувьд хамгийн бага (2.2%), харин Филиппин улсад хамгийн их (8.4%) байгаа юм. 

Тайланд дурдсанаар, 2021 онд Хятадын эдийн засаг 8.1%, Вьетнам улсынх 6.6%-иар өсөх төлөвтэй. Эдгээр улсад хямралын сөрөг нөлөө харьцангуй бага байсан тул КОВИД-19-өөс өмнөх үеийн төлөвтөө илүү хурдан шилжихээр байна. Бүс нутгийн бусад улс орны эдийн засаг дунджаар 4.4 орчим хувиар өсөх ба хямралын өмнөх үеийн өсөлтөөс 0.4%-иар бага байх төлөв гарчээ. Харин Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.8%-иар өсөх төсөөлөлтэй байгаа юм. 

Илүү хурдтай сэргэж буй улс орнууд

•    Урт хугацаанд хөл хорио тогтоох бус хатуу хөл хорионоос шинжилгээнд суурилсан илүү үр дүнтэй стратеги руу эрт шилжих замаар КОВИД-19-ийн халдварыг үр дүнтэйгээр тогтоон барьжээ. 

•    Аялал жуулчлалын орлогоос хэт хамааралгүй байсны зэрэгцээ үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ялангуяа цахилгаан барааны худалдаа сэргэж буй давуу талыг ашигласан. 

•    Засгийн газрууд нь бодлогын хангалттай орон зайтай байсан тул төсөв, мөнгөний томоохон дэмжлэг үзүүлж чадсан байна.

Мөн Дэлхийн банк энэ удаагийн тайланд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээгээ эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхгүйгээр хэрхэн хэрэгжүүлэх талаар онцолжээ. Тус бүс нутаг нь хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэхэд гол нөлөө үзүүлдэг бөгөөд 2000 оноос хойш ялгаруулалт даруй 3 дахин нэмэгдэж, дэлхийн нийт хүлэмжийн хийн бараг гуравны нэгийг бүрдүүлж байна. Хятад улсын авч хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын гурван арга хэмжээ тус бүрийн нэг нь уур амьсгалд ээлтэй байгаа бол Индонез, Филиппин улсын хувьд таван арга хэмжээ тутмын нэг нь уур амьсгалд ээлтэй аж.  

Дэлхийн банкны зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байна. Чулуужсан түлш болон эрчим хүчний татаасыг халах, нүүрстөрөгчийн үнийн тохиргоо хийх, инновац болон хүлэмжийн хий бага ялгаруулдаг дэд бүтцэд оруулах төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, газар ашиглалт, хот төлөвлөлт зэрэг эдийн засгийн гол салбаруудад хүлэмжийн хий бага ялгаруулахад чиглэсэн бодлогын шинэчлэл хэрэгжүүлэх зэрэг боломж, шийдлийг бодлого боловсруулагчид хамтатган ашиглаж болно. 

Л.Номин