Японы “Mitsui Mining and Smelting” компани Чили улс дахь “Collahuasi” уурхайн 0.97% эзэмшлээ толгой корпораци “Mitsui & Co”-д худалдаж, зэсийн бизнесээ орхиж буйгаа мэдэгджээ. Нийт 9.5 тэрбум иен буюу 87.5 сая ам.долларын тус хэлэлцээр гуравдугаар сард багтаж дуусах аж. Ингэснээр “Mitsui” корпораци нь дэлхийн зэсийн хоёр дахь том уурхайн 12%-ийг эзэмшлээ. Эл уурхайн үлдсэн хувийг эзэмшигчид нь “Anglo American”(44%) болон “Glencore” (44%) компаниуд юм.
Энэхүү худалдааны хэлэлцээр нь 2023 он хүртэлх “Mitsui” корпорацийн хөгжлийн стратегийн төлөвлөгөөтэй холбоотой болохыг мэдээлэлд дурджээ. Уг корпораци 1990 оноос Чили улсад зэсийн төслүүд эзэмшсэн дунд “Los Bronces”, “El Soldado” уурхай багтдаг байна.
1999 онд ашиглаж эхэлсэн “Collahuasi” нь зэсийн нөөц, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийн томоохон уурхайн нэгд тооцогддог. 2019 оны мэдээллээр, тус уурхай нь 0.81%-ийн зэсийн агуулгатай 5.4 тэрбум тонн хүдрийн нөөцтэй.
Э.Од