Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“ЭТТ бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” компани төгрөг болон ам.долларын хосолсон бондын анхны арилжааг өнөөдөр (2021.03.30) эхлүүллээ. Бондыг 3 үе шаттай гаргаж арилжах бөгөөд эхний ээлжийн 600 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын захиалга нь 2021 оны гуравдугаар сарын 30-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг дуустал явагдах аж. Хосолсон бондын захиалгыг эхлүүлэх, цан цохих үйл ажиллагаанд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Санхүүгийн Зохицуулах хорооны  дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал О.Алтай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар оролцов.  

Гэрэл зураг: "Эрдэнэс Тавантолгой" ХК

Салбарын яамны зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн ирэх дөрвөн жилд хийх ажлуудад ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв. УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Эрдэнэс Тавантолгойн бондын санхүүжилтээр томоохон бүтээн байгуулалт хийнэ. Тэр дундаа төмөр замуудаа ашиглалтад оруулснаараа экспортоо улам нэмэгдүүлж тээврийн зардлаа дорвитой бууруулж чадна гэсэн төсөөлөлтэй байна. Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой болох юм. Мөн БНХАУ-ын эдийн засаг сүүлийн 2 улирал өсч, супер цикл тохиох тухай шинжээчид хэлж байгаа. Эрдсийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байх төлөв ажиглагдаж байна. Энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компани бонд гаргаж байгаа  нь чухал үйл явдал болж байна” гэв

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тус бондоороо 5 төсөлд хөрөнгө оруулна гэж мэдэгдлээ. Тэрээр “Усан хангамжийн төсөл нь дотоодын өгөөж нь 4.4% бөгөөд үйлдвэрлэлийн зориулалттай усан хангамжийн хэрэгцээг хангах юм.  Нүүрс баяжуулах үйлдвэр нь өртөг бууруулж, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хамгийн том төсөл болно. Уг төслийн дотоодын өөрийн өгөөж нь 29.4%. Дулааны цахилгаан станцын төсөл нь стратегийн ач холбогдолтой говийн бүсийн үйлдвэрлэлийг эрчим хүчийг бүрэн хангах чадалтай 400 мвт цахилгаан станц байх бөгөөд өгөөж нь 14.7% байгаа. Төмөр замын 2 төслийг санхүүжүүлж дуусгана. Өөрийн дотоодын өгөөж 8.5-9.5% гэх үзүүлэлттэй байна. Эцэст нь өртөг зардлыг бууруулж үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой олборлолтын өөрийн тоног төхөөрөмжтэй болох юм. Туузан дамжуургын систем, хоёр төмөр замын холбох хэсэг, ачиж буулгах цэг, төв болон хилийн логистикийн нэгдсэн төв зэрэг компанийн үйл ажиллагааг тогтворжуулж орлогыг нэмэгдүүлэх төслүүд байгаа” гэлээ.

Засгийн газрын (2021.03.17) 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан юм. Уг хөтөлбөрт уул уурхай болон томоохон бүтээн байгуулалтыг хөрөнгийн зах зээлээс өрийн хэрэгслээр санхүүжүүлэх татах тухай тусгасан. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани төгрөг болон ам.долларын хосолсон бонд арилжаалах болсон билээ.

Л.Номин