Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

2021 он гарснаас хойш хайгуулын 20 тусгай зөвшөөрөл олгожээ

- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтоос 2021 онд улсын төсөвт 16 тэрбум төгрөг төвлөрүүлнэ- 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг  АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайгаас тодрууллаа.

Сүүлийн хоёр жилд, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт удаашралтай байна. 2021 он гарснаар ямар журмаар хэчнээн тусгай зөвшөөрлийг олгосон байгаа вэ?

Нэг тоо баримт хэлье. 2014-2017 оны хооронд өргөдлөөр болон сонгоноор 1483 хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байсан бол 2018-2020 онд 130 тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгосон. Тусгай зөвшөөрөл олголт 91.2%-иар буурсан муу дүн мэдээ байна. 2021 он гарсаар коронавирус өргөн хүрээнд тархаж хэвийн горимоор ажиллаж болохгүй нөхцөл байдал үүссэн амаргүй цаг үед холбогдох дэглэм, журам, зөвлөмжийг сахиж сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод байдлаар явуулах тал дээр анхааран ажиллаж байна. Он гарсаар хайгуулын 20 тусгай зөвшөөрөл олгосон байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтоор хэр хэмжээний хөрөнгө улсын төсөвт энэ онд төвлөрүүлэх төлөвлөгөөтэй вэ?

2021 онд улсын төсөвт 16 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос дээрх тусгай зөвшөөрөл олголтоос 2.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Гуравдугаар сарын байдлаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хэчнээн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна вэ.Тухайлбал хайгуулын тусгай зөвшөөрлийн хэдэн хувь алтны хайгуул хийж байгаа вэ?

Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд улсын хэмжээнд 899 хайгуулын, 1701 ашиглалтын нийт 2600 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээр нь нийт эзлэх газар нутгийн 3.9% юм.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо багасч, улсын эрдсийн сангийн нөөц буурч буй талаар салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхэд АМГТГ-аас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа нь хангалттай бус бөгөөд боломжит хувилбаруудаар ашиглалтаасаа 2-3 дахин илүү олгох шаардлагатай гэж үздэг. Одоо үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох заалттай учир уг заалтын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг нэмэгдүүлэхийн тулд журамд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын баталсан нийт талбайг бүсэд хувааж багцлан нийтэд нь зарлахаар бэлтгэж байна. Ингэхийн тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын баталсан Сонгон шалгаруулалтын журамд  өөрчлөлт оруулах бөгөөд уг саналыг ч салбарын яаманд хүргүүлээд байна. Цаашид хөл хорио үргэлжлэх магадлалтай байгаа тул цахим хэлбэрээр сонгон шалгаруулалтыг явуулах судалгааг хийж байна.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой нэг салбар бол геологи хайгуул гэдэг. Энэ талаар Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү? Ер нь сүүлийн жилүүдэд манай хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол, хандлага ямар байгаа вэ?

Хувь хүний байр сууриа илэрхийлэхэд мэдээж өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрөл 899 байгаа нь маш бага үзүүлэлт бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрлөөс даруй 2 дахин багассан байна. Үүнийг дагалдан геологи, хайгуулын салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасч хувийн хөрөнгөөр геологи, хайгуулын ажил хийж орд  олж тогтоох үйл ажиллагаа буурч буй нь бодит зүйл. Мэдээж тус салбарт хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчид байгаа нь судалгаа статистик мэдээнээс харагддаг. Хөрөнгө оруулагч татахын тулд хууль эрх зүйн орчин тогтвортой байх, ойлгомжтой байх янз бүрийн босго тавьж баримт бичиг шаарддаг зүйлийг багасгах хэрэгтэй болов уу.

Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төсөлд тусгай зөвшөөрөлтэй холбоотой зүйл, заалт бий юу. АМГТГ-аас ямар санал өгч байгаа бол?

Үндсэн хуулийн 6.2 дахь заалт, “Алсын хараа 2050”,  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тэдгээрийг дагалдаж шинээр гарсан болон Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого зэрэг баримт бичгийн  хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх шинэчлэх шаардлага байгаа. Энэ чиглэлээр салбарын яамнаас тодорхой ажлыг эхлүүлсэн бөгөөд шинэчилсэн найруулын төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар, сонгон шалгаруулалтын журмаар олгодог болох саналыг хүргүүлсэн. Уг асуудал нь төслийн шатанд яваа тул одоогоор илүү дэлгэрэнгүй өгөх боломжгүй байна.

Баярлалаа. 

Э.Од
 

Сэтгэгдэл (2)

  • J. Gibson (86.11.26.27)
    Over a year and a half and still awaiting an exploitation license, slow is an understatement. Doesn't really send out a good message to potential investors.
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • Carl Doswell (77.103.211.179)
    Хэрэв та гадаадын хөрөнгө оруулагчдыг сонирхож байгаа бол яагаад Петро Матад ашиглалтын лиценз олгох гэж ийм удаан хугацаа шаардаж байгаа юм бэ?
    2021 оны 03 сарын 30 | Хариулах